Тайваний гэр бүл хүүхдийг дэмжих сан нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд энэ онд 20 жилийн ой нь тохиож байгаагаар онцлог болж байна. Тус сан нь сурлага хөдөлмөр, хувь хүний хандлагаар манлайлж чадсан оюутнуудад 2008 оноос хойш сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож эхэлжээ.
2008 оноос хойш давхардсан тоогоор 4000 оюутанд тэтгэлэг олгоод байгаа аж. Энэ удаагийн тэтгэлэгт хамрагдсан 213 оюутнаас 30 оюутан 3 сая төгрөг, үлдсэн 183 оюутан тус бүр 1.5 сая төгрөгийн тэтгэлэг хүртсэн байна.
Тэтгэлэг хүртсэн оюутнуудын нэг болох АШУҮИС-ийн 4-р курсийн оюутан Т.Анхзул "Би 1-р курсээсээ тэтгэлэгт хамрагдаж эхэлсэн. Энэ удаа 100 хувь тэтгэлэг хүртсэндээ баяртай байна. Тайваний гэр бүл, хүүхдийг дэмжих сангийн ах, эгч нартаа маш их баярлалаа. Өнгөрсөн жилүүдэд тэтгэлэг аваад, илүү их боломж байгаа юм байна гээд маш их урам орсон" гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Харин МУБИС-ийн 1-р курсийн оюутан Б.Баяннансалмаа "Тайваний гэр бүл, хүүхдийг дэмжих сангийн хамт олондоо маш их баярлалаа. Анх удаа тэтгэлэгт хамрагдсандаа маш их баяртай байна. Цаашид илүү их хичээж, онц сурна" гэж байлаа.