Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга МАН-аас бусад намыг өөртөө нэгтгэх, үгүй бол нухчин дарах зам руугаа оров уу?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 27 секунд

Зургийн тайлбар: ХҮН-ынхныг НИТХ-ын сонгуульд оролцуулах шийдвэрийг хүчингүй болгосныг эсэргүүцэж мэдэгдэл хийх үеэр нэгэн дэмжигч "Женко шүүхээс савраа тат" гэсэн лоозон барьжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын зургийг нэмж эвлүүлэв. Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай. 2020.09.30. Зургийн эх сурвалж: Ү.Умбанямба.

Орон нутгийн сонгууль өнөөдөр эхэлж байгаатай зэрэгцээд ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫГ НИТХ-ын сонгуульд оролцох эрхийг шүүхээс хориглосон захирамж гаргаж “сюрприз” барилаа. Сонгуульд нэр дэвшигчдийг дахин бүртгэх хугацааг дуусгаж, сурталчилгаа эхлэх үед тулгаж гаргасан энэ шийдвэрийг шүүхийн гэхээс илүүтэй улс төрийн шийдвэр гэж үзэх нь үндэстэй. Урьд өмнө Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг захиргааны хэргийн нэг шүүгч захирамж гаргаж түтгэлзүүлж байсан тохиолдол байхгүй.

Энэ талаар ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга: “АН-аас Д.Пүрэвдаваагаар дамжуулан орон нутгийн сонгуульд хамтарч оролцох санал тавьж байсан. Бид зөвшөөрөөгүй. МАН-аас бусад бүх намыг нэгтгэж сонгуульд оролцох гэсэн. АН-тай хамтраагүй учраас манай намыг сонгуульд оролцуулахгүй гэдэг шийдвэр гаргуулж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ардчилал, хүний эрх, эрх чөлөө байх уу? үгүй юу? гэдэг ирмэг дээр ирснийг харуулж байна, нэгдэж сонгуульд оролцохгүй бол ямар ч сонгуульд оролцуулахгүй гэдэг мэссэж бидэнд тов тодорхой харагдаж байна. Үүний ард Ардчилсан нам, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг шууд хэлье” гэж мэдэгдэв.

Манай сайт өмнө “Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэгдсэн АН” байгуулах ажилдаа орлоо” гэсэн нийтлэлийг нийтэлж байсан (http://ubn.mn/r/5400). Тэгвэл өнөөдөр энэ бүхэн сценарийн дагуу явагдаж орон нутгийн сонгууль МАН ба бусад гэсэн тулаан явагдах нь тодорхой боллоо. Энэ бүх үйл явдалтай холбоотойгоор дараах дүгнэлтийг хийж болохоор байна. 

Нэгдүгээрт: Хэд хэдэн судалгааны үр дүнд Хөдөлмөрийн Үндэсний Нам нийслэлийн тойргуудад рейтингээр 2,3-р байранд орсон мэдээлэл бий. Ихэнх дүүрэгт МАН рейтингийн судалгаагаар тэргүүлж байгаа ажээ. Адилхан эрх чөлөөнд тулгуурласан улс төрийн үзэл санаа, концепци ярьдаг барууны чигтэй ХҮН АН-ын саналыг хуваах нь тодорхой. Тиймээс ХҮН нам энэ удаагийн сонгуульд оролцох нь МАН-д биш АН-д илүү ашиггүй тул тэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дамжуулж ХҮН-ыг жагсаалаас хасах захиалга өгсөн байх хардлага үндэслэлтэй байна.

Хоёрдугаарт: АН энэ удаагийн орон нутгийн сонгуульд маш өндөр ач холбогдол өгч ялахын тулд боломжтой бүхнийг хийж байна. Намын гишүүд, олон нийтийн шүүмжлэлийг үл тоон МАХН, ШИНЭ намтай эвсэж тэдэнтэй тойрог тохирч мандатын тооноос цөөн хүн нэр дэвшүүлэх хүртлээ доошоо орж байгаа нь нийслэлд хийгдсэн судалгааны дүнтэй холбоотой. Нийслэл, дүүргийн сонгуульд амжилттай оролцож хүчтэй хөл босгох нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд чухал суурь дэвсгэр нь болно. Өмнө нь 2016 оны сонгуульд АН Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд ялалт байгуулсан. Нэг дүүрэгт 480 орчим орон тоо байдаг гээд бодохоор намынхнаа хоолтой залгуулах том сав нь яалтчгүй нийслэл дүүрэг мөн. Түүнчлэн энэ дүүргүүдэд 700 мянга орчим сонгогч бүртгэлтэй байсан бөгөөд өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд МАН эдгээр дүүргүүдэд маш бага санал авч гол ялагдах үндэс суурь нь болсон байдаг.

Гуравдугаарт: Х.Баттулга өмнө нь АН-ын бусад фракцууд, гол лидерүүдийг өөртөө нэгд гэж ятгадаг, нэгдэхгүй бол улс төрийн аргаар нухчин дардаг байсан гэж АН-ынхан ихэд гомдолдог. Энэ тухай Ч.Сайханбилэг “Б.Бямбасайханыг зүгээр л өөрийг чинь дагаагүйн төлөө шоронд хийлээ” гэж захидалдаа дурдсан байдаг. Мөн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин “Намайг хар тамхичин болгож, М.Батчимэгийг Тайваний тагнуул, Л.Гантөмөрийг мүүнчин болгосон бүх сценари нэг л хүнтэй холбоотой” гэж ярьж байсан. Тэгвэл энэ удаад тэр АН-ын дотор фракцуудыг биш АН-аас гадуур жижиг намуудыг бүгдийг нь өөртөө нэгтгэх В.Путин маягийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхлэв үү гэж хардах үндэстэй. Энэ удаад зөвхөн ХҮН намд өгч байгаа сануулга мэт боловч том зургаараа МАН-аас бусад том жижиг бүх намууд нэг туган дор нэгдэх ёстой үгүй бол өөр зам байхгүй шүү гэдгийг хатуу анхааруулж байгаа хэрэг гэж зарим ажиглагчид тайлбарлаж байна.

Улаанбаатар ньюс. 

22 настай эрэгтэй зам тээврийн ослоор амь насаа алдлаа
22 настай эрэгтэй зам тээврийн ослоор амь насаа алдлаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 16 хэм дулаан, үүлшинэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 16 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.