Айлчлал хойшлогдсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар утсаар ярилцав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 4 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай Японы талын хүсэлтийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр утсаар ярилцав.

Ярианы эхэнд Ерөнхий сайд Ф.Кишида-гийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөгдөж байсан хэдий ч тус улсын Миязаки мужид энэ сарын 08-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас учирч болзошгүй эрсдлийг бууруулах, гамшгийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагын улмаас энэ удаагийн айлчлалыг цуцлаад буй нөхцөл байдлын талаар тайлбарлалаа. Тэрээр уг айлчлалын бэлтгэлийг хангаж ажилласанд Монголын талд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад энэ удаа албан ёсны айлчлал хийх боломжгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу цаашид нөхцөл байдлыг харгалзан айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө буй гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс дахь газар хөдлөлт, байгалийн гамшгаас үүдсэн дотоодын нөхцөл байдалтай холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн манай улсад хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал энэ удаа цуцлагдах болсон тухай нөхцөл байдлыг маш сайн ойлгон, хүлээн авч буй гээд энэхүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, Монголын ард иргэд бидний нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн түнш Япон Улс, Японы ард иргэд, анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байгааг онцлов.

Талууд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, улс төрийн итгэмжилсэн байдлыг батжуулах, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйг сайшаан тэмдэглэж, харилцаанд залуу үеийн төлөөллийг түлхүү хамруулж, ард иргэдийн солилцоо, найрамдал нөхөрлөлийг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

МЕТРО ХОТ: Зун дуусаагүй. Цэмцгэр зугаалъя, монголчууд аа
МЕТРО ХОТ: Зун дуусаагүй. Цэмцгэр зугаалъя, монголчууд аа
 
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!