Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мөнхсанчир: Нэгдүгээр ангид элсэгчдийн эцэг эх гадаадад амьдарч байгаа бол асран хамгаалагч нь харьяа сургуульд очиж бүртгүүлэх боломжтой

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
5 минут 41 секунд

Энэ сарын 12 буюу өнгөрөгч даваа гарагаас эхлэн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл эхэлсэн. Харин цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 18-нд дуусах юм. Тэгвэл цэцэрлэг болон нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл хэрхэн явагдаж байгаа болон бусад асуудлаар Цахим шилжилт нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчираас тодрууллаа.

-Цэцэрлэгийн бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар нийт хэчнээн хүүхэд бүртгүүлсэн байна?

-Наймдугаар сарын 01-нээс эхлэн цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн. Нийслэл хотын хэмжээнд нийт 127 мянган хүүхэд энэ жил цэцэрлэгт хамрагдана. Үүнээс одоогийн байдлаар 96 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн бүртгэл 80 гаруй хувьтай явж байна гэж хэлж болох юм.

Мөн одоогийн байдлаар цэцэрлэгийн хүртээмж хангалттай байна гэсэн үнэлэлттэй байна.

-Шилжилт хөдөлгөөн болон хаягийн зөрүүтэй байдлаас шалтгаалаад бүртгэлийн явцад асуудал тулгардаг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Шилжилт хөдөлгөөн наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогссон. Тиймээс одоогоор шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй байгаа. Иймд тухайн хүүхдийг байнгын оршин суух хаягаар нь элсэх хүсэлтийг хүлээн авч байна.

Хаягийн зөрүүтэй мэдээлэлтэй холбоотойгоор эцэг эхчүүдээс бидэнд асуулт их ирж байна. Тухайлбал, түр оршин суух хаягтай хүмүүс тухайн байршилдаа 6 ба түүнээс дээш сар оршин сууж байгаа эсхүл 1 жилийн хугацаанд түрээсийн гэрээ хийсэн бол иргэн хүнийхээ үүргийг биелүүлэн өөрийн үндсэн мэдээлэл буюу байнгын оршин суух хаягаа бүртгүүлсэн байх ёстой. Ингэхдээ тухайн оршин суух хаягтаа удаан хугацаагаар амьдарч байгаагаа нотлох бичиг баримтаа Улсын бүртгэгчид өгч бүртгүүлэх ёстой байдаг.

Энэ жилийн тухайд сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг зогсоосон учир хаягийн шинэчлэлтийг 10 сар хүртэл хааж байгаа.

-Энэ жил нэгдүгээр ангид хичээн сурагч элсэж байгаа вэ. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдээ бүртгүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй байна?

-Улсын хэмжээнд 6 настай 77 мянган хүүхэд энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцана. Үүний 39 мянган хүүхэд нь нийслэл хотод суралцах юм.

Харин элсэлтийн хувьд эцэг, эхчүүд маань өөрийн И-Монголиа системээр хүүхдээ бүртгүүлж байгаа. Ингэхдээ И-Монголиа системийн цонх дээр 7 төлөв харагдана. Хамгийн эхний төлөв нь "хүлээгдэж буй" төлөв буюу тухайн хүүхдийн элсэх хүсэлтийг сургуулийн элсэлтийн комисс шийдвэрлээгүй байгааг илтгэнэ. Элсэлтийн комисс нь тухайн хүүхдийг элсүүлэх талаар эцсийн шийдвэрийг гаргаж, элсүүлэх боломжтой, түр түдгэлзүүлсэн эсхүл түдгэлзүүлсэн буюу татгалзсан гэдэг хариуг өгнө.

Энэ нь тухайн хүүхдийн хаягийн мэдээлэл болон тухайн хаяг дээр байгаа мэдээллийг тулгаж, нягтлаад хамран сургах тойргийн хүүхэд мөн эсэхийг тодорхойлж байна гэсэн үг. Тэгвэл үүний шалтгаан нь юу вэ гэвэл,

Зарим эцэг эхчүүд маань хүүхдийнхээ мэдээллийг Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуурамч, зөрүүтэй байдлаар мэдээлснээс үүдэж тодорхойгүй байдал үүссэн байдаг. Үүнийг цэгцлэх үүднээс тухайн сургуулийн элсэлтийн комисс мөн ажиллаж байгаа юм.

-Нэгдүгээр ангийн элсэлт дээр мөн хаягийн маргаан, зөрүүтэй байдлаас үүдэж эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлж чадахгүй байна гэх асуулт их байна лээ?

-Өмнө хэлсэнчлэн түр оршин суух хаягтай болон байрных нь ордер, гэрчилгээ гараагүйтэй холбоотойгоор түр түдгэлзүүлсэн, түдгэлзүүлсэн гэх төлөв И-Монголиа систем дээр гарч ирж байгаа.

Тиймээс энэ тохиолдолд сургуулийн элсэлтийн комисс дээр очиж шийдвэрлүүлэх боломжтой.Учир нь таны мэдээллийг ямар нэг систем буюу мэдээллийн сангаас авах боломжгүй байгаа учир өөрийн биеэр тухайн сургууль дээрээ биечлэн очих хэрэгтэй гэсэн үг юм.

-Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хэзээ дуусах вэ?

-Наймдугаар сарын 12-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хянагдаж байгаа төлөвтэй олон хүүхэд байгаа ба үүнийг бусад төлөв рүү шилжүүлсэн байдал 60 орчим хувьтай явж байна.

-Эцэг эх нь гадаадад амьдарч байгаа бол хүүхдийнхээ бүртгэлийг хэрхэн хийлгэх юм бол?

-Энэ тохиолдолд асран хамгаалагчид нь тухайн хүүхдийг И-Монголиагаар бүртгүүлэх боломжгүй байгаа учир оршин суух хаягийнхаа дагуу тухайн сургууль дээр очиж эцэг эхийнх нь нөхцөл байдлыг сургуулийн элсэлтийн комисст мэдэгдэж, сургуульдаа бүртгүүлэх боломжтой.

Мөн гадаадын иргэн харьяат буюу гадаад иргэний хүүхдүүдийг цахимаар бүртгэх боломжгүй учир тухайн сургууль дээр очиж бүртгэл хийлгэх боломжтой.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

УИХ дахь АН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр А.Батпүрэвийг томилов
УИХ дахь АН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр А.Батпүрэвийг томилов
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.