Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа бие нь муудаж, эмнэлгийн яаралтай тусламж авах хугацаандаа нас барсан талийгаач О-гийн асуудалд ХЭҮК холбогдох хууль хяналтын байгууллагаас тайлбар, мэдээлэл авч, талийгаачийн хоригдож байсан ангид үзлэг, шалгалт хийн баримт цуглуулж ажиллаж байгаа аж.
Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодруулахад "Цагдан хоригдсон нөхцөл байдлын улмаас юм уу эсвэл нийгмийн сүлжээгээр цацагдаад байгаа шиг эрүүдэн шүүгдсэний улмаас гэсэн мэдээллээр тухайн иргэний амь нас хохирсон эсэх асуудал дээр БГД-ийн цагдаагийн газраас Прокурорын хяналт доор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Гэхдээ төрийн хамгаалалт дор байсан иргэн амь насаа алдсан ноцтой тохиолдлыг шуурхай илрүүлж, аль нэг гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд хариуцлага тооцох ёстой гэдгээ илэрхийлж байгаа.
Нөгөө талаас талийгаач 2024.01.29-ний өдөр АТГ-т эрүүдэн шүүгдсэн талаараа гомдол гаргасан байдаг. Тэгэхээр нэгдүгээр сарын 29-нөөс өнөөдрийг хүртэлх зургаан сарын хугацаанд тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удааширч байгаа нь магадгүй талийгаачийн амь насаа эрсдэх нөхцөл байдал болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс АТГ-аас эрүүдэн шүүгдсэнтэй холбоотой асуудлыг түргэн шуурхай шалгаж олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж ХЭҮК үзэж байна" гэв.