Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар гэр бүлийн хамт амарч байсан 15 настай хүүхэд “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлага мэдээлэл ОБГ-т долоодугаар сарын 14-ний өдрийн 12:34 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын 2 алба хаагчтай хамтран Ж /15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг долоодугаар сарын 15-ны өдрийн 05:00 цагаас 21:35 цаг хүртэл “Ерөө голын гүүр” гэдэг газраас “Орхоны бэлчир” гэдэг газар хүртэл 30 км-т голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон.
Ийнхүү долоодугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 06:57 цагт тухайн хүүхдийн цогцсыг осолдсон газраас 20 км-т “Элстэй” гэдэг газраас голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн аялал зугаалгын үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.