“Playtime 2024” хөгжмийн наадмын үеэр "Bunkr" тайзан дээр тоглолтоо хийсэн Growl Of Clown хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар үзэгчтэйгээ муудалцсан бичлэг олны дунд цацагдсан. Эл асуудалтай холбоотойгоор, Б.Хүрэлбаатар руу лааз шидсэн гэх Die In Despair хамтлагийнхан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргаж, уучлалт гуйсан байна.
Тодруулбал тэд "Плейтайм наадмын 3 дахь өдөр “Ferrum Stage” дээр “Growl of Clown” хамтлагийн тоглолтын үеэр манай хамтлагийн хоёр гишүүн “Growl of Clown” хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар луу шар айргийн лааз буюу сав шидэж ёс зүйгүй үйлдэл гаргасанд хамтлагийн ахлагч Б.Отгон-Эрдэнэ миний бие болон манай хамтлагийн зүгээс уучлалт хүсэж байна. Манай хамтлаг нь “Growl of Clown” хамтлагтай ямар нэгэн асуудалгүй ах дүүгийн харилцаатай учир тухайн цаг мөчид яагаад тийм зүй зохисгүй үйлдэл гаргасныг нь би хувьдаа хэлж мэдэхгүй байна. Энэ асуудал нь зуун хувь манай хамтлагийн буруутай үйлдлээс болсон учир “Growl of Clown” хамтлаг, дуучин Б.Хүрэлбаатар, “Плейтайм” фестиваль болон үзэгчдээсээ дахин манай хамтлаг уучлалт хүсэж байна" гэжээ.