АНУ-ын Хар салхины үндэсний төв энэ жил дахин болох хар салхийг ямар нэрээр нэрлэхээ мэдэхгүй болжээ. 2020 онд байгалийн гамшигт үзэгдэл хэтэрхий олон болж, хар салхинуудад өгөх нэр дуусжээ.
Цаг уурчид латин цагаан толгойн үсэг тус бүрээр хар салхинд зориулж, нэрсийн жагсаалт гаргасан бөгөөд тус бүрийг жилд нэг удаа ашигладаг тул зургаан жил тутамд давтагддаг байна. Энэхүү жагсаалт нь Q, U, X, Y, Z гэсэн үсгийг оруулалгүйгээр 21 үсгээс бүрддэг. Эдгээр үсэг дуусмагц цаг уурчид грек цагаан толгойд шилждэг байна.
Америкийн цаг уурчид ийм асуудалтай хамгийн сүүлд 2005 онд тулгарч байсан бөгөөд аравдугаар сарын 17-нд нэрс нь дуусаж, грек үсэгт шилжих шаардлагатай болж байжээ.