Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр /2024.07.01/ 07:00 цагаас эхлэн www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлсэн.
Тэгвэл суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгөөр зарагдаж байсан 12 мянган бүх тасалбар зарагдаж дуусжээ.
Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Тасалбарын хамгийн сүүлийн захиалга 10:00 цагт хийгдсэн байна. Ер нь жил бүрийн наадмын тасалбар маш хурдан зарагдаад дуусдаг. Өмнө нь “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төвөөр наадмын тасалбарыг зардаг байсан бол цахимжуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Нэг утасны дугаараас хоёр тасалбар захиалах боломжтой. Энэ нь шагчдаас сэргийлж байгаа" гэв.
Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай. Наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэж сонирхох гэсэн ард иргэдийн зүгээс жилийн жилд гомдол санал гардаг нь үнэн.
Олон арван мянган хүн наадмын тасалбар авах хүсэлтэй байдаг. Түүнчлэн дэлхий нийтэд Монголыг таниулах аялал жуулчлалын гол брэнд болсон гэдэг утгаараа монгол наадмыг маань үзэж сонирхохоор маш олон жуулчин хүсэлтээ ирүүлдэг. БОАЯ-ныхан гэхэд л гадаадын жуулчдад зориулж наадмын нээлт, хаалтын 5000 тасалбар олгох хүсэлтээ ирүүлдэг аж. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ суудлын тоонд захирагдахаас өөр аргагүй гэдгийг албаныхан хэлж байна.
Иргэд тасалбарын эрэлд гарч, наадмын тасалбар авна, зарна гэсэн групп хуудаснаа пост бичиж, шагчид наадмын тасалбарыг суудлын байршлаас нь хамаараад хамгийн багадаа 200-400 мянган төгрөгөөр зарж байна.