Нийслэлийн онцгой комисс болон онцгой байдлын газраас үерийн бэлэн байдлыг хангах бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд түр далан босгосон байна. Тодруулбал, Маршал тауны зүүн талд болон Хар усан тохой, Биокомбинатад далан босгосон талаар НОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат хэлэв. Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас айлын хашаа руу ус орсон, авто замын зорчих хэсэгт ус тогтсон дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авлаа” гэсэн юм. Мөн үргэлжлүүлэн мэдээлэхдээ гол нууруудын усны түвшин үерийн аюултай түвшингээс буусан ч тайвширч болохгүй гэдгийг сэрэмжлүүлэв. Энэ тухай хэлэхдээ “Маргааш түр зуурын аадар бороотой. Мөн энэ сарын 29, 30-нд түр зуурын аадар бороо үргэлжлэн орох тул иргэдийг аюулгүй байдлаа хангах шаардлагатай байна. Гол нуур үерийн аюултай түвшинд хэвээрээ байгаа тул голын ай сав газраас аялахгүй, хүүхдийг хараа хяналттай орхихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр дээрх сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр өнөөдөр түр зуурын бороо 15:00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлсэн.