Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын Ерөнхий продюсер Г.Маргад-Эрдэнэ: Наадмын нээлтэд хүний үүслээс эхлээд орчин цагийн ахуй амьдралыг дүрсэлсэн 6 бүлэг зохиол тоглогдоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 37 секунд

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын ерөнхий продюсер Г.Маргад-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монгол түмний уламжлалт үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Наадмын өнгө нээлтээс ихээхэн хамаардаг юм шиг. Нээлт болон хаалтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Би “Агарага” энтертайнментыг анх үүсгэн байгуулж байсан. Манай энтертайнмент сүүлийн 10 гаруй жил олон улсын хэмжээний задгай талбайн найруулга, үйл ажиллагааг зохион байгуулсан туршлагатай. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын ерөнхий продюсерээр ажиллаж байна.

Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдалын удирдлага доор залуу уран бүтээлчид нэгдэж, шинэ дэвшилтэд технологийг ашиглан бүрэн автомат 3D театр, тайзан дээр хөгжимт жүжгийн хэлбэрээр уран бүтээлээр ард түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Нийтдээ мянга гаруй уран бүтээлчид бэлтгэлээ хангаж байна.

-Энэ жилийн наадмын нээлтийн уран бүтээл “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвээр толилуулагдахаар болсон шүү дээ. Ямар утга, учрыг бэлгэдэж ийм сэдэв өгсөн вэ?

-Бид бүгдээрээ эх дэлхий дээр амьдарч байна. Хүн төрөлхтөн бүр эх болсон ногоон дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Улс үндэстэн бүр өөрсдийн хэл соёл, ёс, зан заншлаараа ялгардаг боловч нэгэн дээвэр доор нэгтгэдэг ганц зүйл нь өөрөө эх дэлхий юм. Тиймээс энэ дэлхийхээ хайрлаж хамгаалцгаая гэдэг утгаараа энэ сэдвиийг сонгосон гэж хэлмээр байна.

-Зохиол хэдэн хэсгээс бүрдэж байгаа вэ. Мэдээж хэсэг бүрт онцгой утга агуулгыг дүрслэн үзүүлэх байх?

-Зохиол маань нийт 6 бүлгээс бүрдэнэ. Эхний хэсэгт эртний буюу үлэг гүрвэлийн үеийн, чулуун зэвсгийн үеийн гэсэн хүн төрөлхтний үүсэл хөгжилтэй салашгүй холбоотой түүхэн үеүдийг 3D театрын автомат тайзан дээр үзүүлэхээрээ онцлог. Иргэд маань жил бүрийн л Үндэсний их баяр наадмын нээлт болоод хаалтын маш их догдлон хүлээдэг. Өмнөх жил нь дэглэгдсэн уран бүтээлүүдэй харьцуулж шимтэн үздэг учраас бид шинэ хэлбэрийн хөгжимт, баримтад тулгуурласан түүхэн үзэгдлийг дүрслэн харуулахыг зорьж байгаа. Бүгдийг нь ярьчихаж мэдээж болохгүй шүү дээ /инээв/

БҮРЭН АВТОМАТ 3D ТАЙЗ, ДЭЛГЭЦ ҮЗЭГЧДЭД ШИНЭ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛНЭ

-Зохиол хүн төрөлхтний түүхэн он дарааллын онцлог хэсгүүдийг орчин үеийн дэвшилтэд тайз, дэлгэцийн бүтээлтэй хослуулсан байдлаар амилна гэж хэллээ. Тодруулж хэлбэл?

-Тайз заслын дизайныг манай Ерөнхий зураач н.Батбилэг гаргасан. Бид бүхэн багаараа шинэлэг санаануудаа ярилцаж, аль болох урд өмнө үзэгдээгүй өвөрмөц шийдлийг гаргах гэж хичээсэн л дээ.. Бүрэн автомат 3D тайз маань өөрөө үзэгчдэд илүү сонирхолтой мэдрэмжийг төрүүлнэ гэж найдаж байгаа. Жил бүрийн л наадмын нээлтийн зохиомж гар ажиллагаа ихтэй, тайз нь механик хөдөлгөөнтэйгөөр явж ирсэн. Энэ удаад бүрэн автомат тайзыг засаж, сүүлийн үеийн үзүүлэлттэй бөмбөгөр дэлгэцээр графикчдынхаа бэлтгэсэн зохиомжийн дагуу 6 бүлэг хэсэг зураглалыг гаргаж үзүүлэх юм. Хөгжимт жүжгийн зохиолоор эртний түүхийг эдүгээгийн амьдралын онцлог хэв маягтай хослуулахаар зохиомжилсон гэсэн үг.

-Үзэгчдэд 6 бүлэг хэсгийн үзүүлбэрээс ямар цогц ойлголтыг өгч, мөн хэсэг тус бүрээс юуг мэдрээсэй гэж зорьж байгаа вэ?

-Бид олон гэнэтийн бэлгийг бэлдсэн байгаа. Түүнийг хэлэх боломжгүй байна. Олон л онцлог бий. Гэхдээ эндээс нэгийг дурдахад зохиолын хөгжмийн найруулга бүжгийн жүжиг, театрчилсан үзүүлбэр дээр суурилсан байдлаар шинээр хийгдэж байна. Өөр нэг онцлог нь бид зохиолдоо тааруулаад уран бүтээлчдийнхээ өмсөх хувцсыг шинээр хийлгэсэн.

Тухайлбал, хүний үүсэл, амьд шим ертөнцийн онцлог, байгаль, дэлхийн чимэг болсон өвс ургамал, ан амьтнуудын дүрслэлийг гаргахын тулд багагүй том хэмжээний хувцас хийгдэх болсон. Хүн төрөлхтний үүслийг л гэхэд хүн бүр ном эсвэл зурган дээрхээр төсөөлдөг бол түүнийг нь бодит мэт болгохын тулд түүнд шаардагдах график дизайн, чимэглэлүүдийг хийсэн байх жишээтэй. Гол нь бид зохиолын дүр, дүрслэлүүдээ түүхч, судлаачдын зөвлөгөө, санал дээр түшиглэж, хийсвэрлэл дүрслэлгүй бодит амьдралын онцлог шинжийг бүрдүүлэхийг хичээж буй тул үзэгчдийн анхаарлыг илүү татах болов уу гэсэн бодолтой байна.

Бидний уран бүтээлийн нэг өвөрмөц тал нь 3D дэлгэц ашиглаж бүрэн хэмжээний автомат тайз засах. Тиймээс хамгийн орчин үеийн өндөр нягтаршлтай тайзны дэлгэцийг БНХАУ-аас худалдаж авсан. Дэлхийн олон орон технологийн шинэчлэлийг ашиглаж урлаг соёлын арга хэмжээгээ олон түмэнд хүргэдэг болсон нь энэ том дэвшил гэж үздэг.

Өөр нэг гол онцлог нь зохиолын гол хэсгийн дүрийн нэг болох үлэг гүрвэлүүд. Тэдгээрийг Бээжин хот дахь UNIVERSAL PICTURES-д нийлүүлдэг үлэг гүрвэлийн үйлдвэрээс мөн л захиалгаар хийлгэж авч байгаа.

Мөн луу жил тохиож буй тул 3D дэлгэцээр маань Архангай аймгаас олдсон луугийн хүрэл бүтээл, галт шувуу гарч ирнэ. Тайз маань тэр чигтээ түүхэн олдворуудаас бүтэж амилуулах юм. Ингээд зөвхөн тайзны уран бүтээлийн техник хэрэгслийг бэлтгэхэд 40 гаруй инженер, техникийнхэн ажиллаж байна. Товчхондоо бүтэн нэг машин угсарчихаж байна гэсэн үг л дээ. Тэр дотор нь автомат лифт хүртэл бий.

-Нээлтэд ямар уран бүтээлчид ая дуугаа өргөх вэ. Хэчнээн дуучид оролцохоор төлөвлөөд байгаа вэ?

-Мэдээж олон уран бүтээлчид бий. Гэхдээ дуучдын талаар ярихад арай эрт байна.

-Үндэсний их баяр наадмын хаалтад ямар уран бүтээл, шинэлэг үзүүлбэрүүдийг үзүүлэхээр төлөвлөсөн бэ. Нууц биш бол зарим хэсгээс нь яривал?

-Хаалтын уран бүтээл маань 20-30 минут тоглогдох байх гэж тооцоолж байна. Дуучид маань автомат тайзан дээр лифтнээс бууж ирэхэд ард нь сар нар, огторгуйн дүрслэлийг 3D дэлгэцээрээ үзүүлнэ.

Ярилцсанд баярлалаа

СУРВАЛЖИЛГА: Нэхээд байсан нэгдсэн самбарыг нь нэвтрүүлсэн ч зарим нам, эвслүүд нь “үл тоож“, ухамсаргүй нөхдүүд нь зурагт хуудсуудыг гэмтээж байна
СУРВАЛЖИЛГА: Нэхээд байсан нэгдсэн самбарыг нь нэвтрүүлсэн ч зарим нам, эвслүүд нь “үл тоож“, ухамсаргүй нөхдүүд нь зурагт хуудсуудыг гэмтээж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.