Оюутан, сурагчдын зуны амралт эхэллээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл Улаанбаатар хотод хүүхэд, залууст чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь зориулагдсан газар хэр хүртээмжтэй байдаг талаар болон тэд зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар нь тодрууллаа. Байр сууриа илэрхийлсэн залуусын дийлэнх нь амралтаараа ажил хийх бодолтой байгаа талаараа хэлсэн юм. Гэвч тэдний хувьд ажил хийх нь бус хийх ажлаа олох нь асуудал дагуулдаг гэдгийг хэлж байлаа.
-Өндөр цалинтай ажил зөндөө байгаа ч залуус илүү биед амар, хялбарыг нь сонирхож хийгээд байдаг-
Иргэн: Ажил хийж байгаа. Хэрэв амралтаа авчихвал хөдөө явна гэж бодож байна. Залуучууд маань хийх ажлаа л анхаарч хараад байдаг юм шиг санагддаг. Өндөр цалинтай том ажлууд олон байдаг ч түүнээс биед амар, жижиг сажиг ажлыг нь илүү сонирхож хийдэг. Ер нь жоохон залхуу болчихсон юм шиг санагддаг. Бид нар өөрсдөө л жоохон мэрийвэл боломжийн ажлууд зөндөө л байгаа шүү дээ. Нийтээрээ л сүлжээ дэлгүүр эсвэл судалгааны ажил хийгээд өөрсдөдөө ахиц дэвшил гаргахгүй байгаад байна даа.
-Ойр дотнын хүмүүсээрээ дамжуулж ажил олох нь илүү баталгаатай, санаа зовох зүйлгүй байдаг-
Иргэн: Амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар хотод олон бий. Сүүлийн үед хүүхдийн паркад шинэчлэлт хийгээд хүүхдүүдэд ч тухтай орчин бүрдүүлсэн байна лээ. Бас кофе шоп, хөөрхөн жижиг мини номын сангууд гээд ер нь олон газар бий. Гэхдээ би энэ зуны амралтаараа ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Таньдаг, ойр дотнын хүмүүсээсээ асууж, холбогдож байгаад таньж мэдэх газраа очиж ажилласан дээр гэж бодож байна. Ядаж л ажиллах орчин нөхцөл болон цалин мөнгөний хувьд баталгаатай, санаа зовох зүйлгүй.
-Хамт олон, орчин нь боломжийн санагдвал ямар ч ажлыг гололгүй хийдэг-
Иргэн: Улаанбаатар хотод ажил хийе гэвэл найз нөхдөөсөө асууж эсвэл ажлын зар харж байгаад яваад оччихдог. Ер нь хамт олон, ажиллах орчин нөхцөл нь боломжийн санагдвал ямар ч ажил байсан гололгүй ажиллачихъя гэж боддог доо. Гэхдээ энэ зун гадаад руу явж ажил хийхийн хажуугаар аялаад ирэх бодолтой байгаа.
-Энэ зун ажил хийж байгаад гадагшаа явмаар байна-
Иргэн: Хотод чөлөө цагаа өнгөрүүлэх газар цөөхөн байдаг шүү дээ. Талбай, парк, хүрээлэнгээс өөр олигтой газар байхгүй нь жоохон асуудалтай. Би өмнө нь олон ажил хийж үзсэн. Олдсоныг нь л хийчихдэг. Цалингийн хувьд асуудалтай санагддаг. 50-60 мянган төгрөгийн хооронд, зарим газар нь бүр 30 мянган төгрөгөөс ч эхэлдэг. Ажлын зараа интернэтээс хайвал илүү их олддог. Цалин хамаагүй гээд сайн ухвал өөрт тохирох ажлаа олчихно доо. Би энэ зун ажил хийгээд мөнгөө цуглуулж байгаад гадагшаа явах төлөвлөгөөтэй байна даа.
Иргэн: Оюутнууд цагийн ажил маш их хийдэг. Гэхдээ цалин нь тийм ч сайн биш. Сайндаа бол орохгүй. Зуны урт саруудад ажиллавал арай гайгүй авдаг харагдсан. Миний хувьд дажгүй цалин авчихдаг. Нэг газраа удаан ажиллаж байгаа болохоор цалин боломжийн сайн авдаг. Ихэнхдээ ажил ихтэй завгүй байдаг болохоор тийм ч их гадуур яваад байдаггүй. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэвэл талбай, кино театраас өөрийг хэлж мэдэхгүй юм.
Иргэн: Эхний ээлжинд гэр бүлээрээ зугаалганд явъя л гэж бодож байгаа. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бол хомс санагддаг. Бараг байхгүй гэж хэлж болно. Тэгээд ч ажилтай болохоор тийм ч их гарч ороод байдаггүй. Сайн хайгаад үзвэл, интернэтэд ажлын зар их л байдаг юм. Тухайн хүний ажлын судалгаанаас хамаараад өөр өөр л олддог юм билээ.
-Чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэнгээ ажиллах боломжтой газар хайж байгаа-
Иргэн: Амралтаараа ажил хийе гэж бодож байгаа. Манайд ажиллах цалин, орчин нөхцөл дундаж байдаг хэр нь харилцааны соёл муу байгаад байдаг. Мөн залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бага. Миний хувьд чөлөөт цагаараа парк, номын санд суух эсвэл найзуудтайгаа гадуур алхаж л өнгөрүүлдэг. Уг нь найзуудаараа чөлөөт цагаа өнгөрүүлж, хичээлдээ бэлдэхийн хажуугаар ажиллах боломжтой зуслан ч юм уу тиймэрхүү газар байвал зүгээр юм шиг санагддаг. Би ч бас чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэнгээ ажиллах боломжтой газар хайж байна даа.
Б.Мөнхзаяа