Монголд зөвхөн албан тушаалтай, эрх мэдэлтэй улстөрчдийг л манлайлагч гэж үздэг өрөөсгөл хандлага байдаг. Үнэн хэрэгтээ зүгээр байхаар зүлгэж сууя гээд сонгуульд нэр дэвшээд аз нь шовойсон хүн, эсвэл аль нэг улс төрийн хүчинд элссэн даруйдаа намынхаа удирдлагыг өдөр шөнөгүй балбаж, эцэс сүүлдээ “крандуулж”, албан тушаалд очсон хүн манлайлагч биш. Эсвэл сайн эцгийн нэрийг гурав худалдаж, гэнэт улс төрд орж ирсэн “угсаа залгамжлагч”, авлигын хэргээр ял сонссон удирдагчаа улаан цээжээрээ хамгаалж байгаад улс төрийн карьераа шууд л гишүүний суудлаас эхэлсэн улстөрчийг манлайлагч гэж яавч хэлэхгүй. Улс орны төлөө гэх гуравхан үгээр бамбай хийж, өөрийн болон намын ашиг сонирхлын төлөө лоозон барьсан жагсагчид ч манлайлагчид биш. Ихэнх улстөрчид жинхэнэ манлайлагч байсныхаа хүчинд УИХ-ын гишүүнээр сонгогдож, улс орны бодлого тодорхойлж байгаа гэвэл худлаа хэлсэн болно.
Сонгуулийн хар, цагаан пиарыг ил, далдаар гарамгай ашиглаж, элдэв булхай луйвар, арга залийг хослуулан хийж, сонгогчдын саналыг мөнгөөр үнэлсэн улстөрчдийг нийгмийн манлайлагч гэж тодорхойлж болох уу. Тэдэнд манлайлагч хүнд байх авьяас чадвар, эрдэм мэдлэгээс илүүтэйгээр эрх мэдэл, хөрөнгө мөнгө, арга заль байсан учраас л төрийн жолоог атгалцаж байгаа юм. Товчхондоо, маш олон хүнийг удирддаг, бусдаасаа илүү эрх мэдэлтэй, тэднээс давуу статустай удирдагч бүр манлайлагч биш гэж үзэж болох нь. Харин манлайлагч хүн өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа бусдыг удирдан чиглүүлж, тэднийг зорьсондоо хүрэхэд нь нөлөөлж, дэмжлэг үзүүлдэг. Тэд хэзээ ч улстөрчид шиг эрх мэдэл, албан тушаалд хүрснийхээ дараа дагагчидтай болдоггүй. Улстөрчдийн тойрон хүрээлэгчид зөвхөн эрх мэдэл, албан тушаалыг нь шүтдэг учир цаг зуурынх байдаг.
Харин манлайлагчдыг дагагчид тэдний оюун санаа, үзэл бодол, авьяас чадвар, эрдэм мэдлэг, ёс зүйг нь хүндэтгэдэг учир үнэнч хэвээр үлддэгийн харуулсан олон жишээ бий. Менежментийн ухааны манлайлагч Питер Дракер “Манлайлагч хүн өөрт итгэж үнэмшин, хүндэлдэг дагагчидтай байх ёстой. Манлайлагч болчихоод өөрийн дагагчдаа цуглуулна гэдэг ойлголт байхгүй. Миний дагаж байгаа манлайлагч амьдралыг минь сайн сайхан болгоно, мөн надад шинэ зүйл зааж сургах болно гэсэн хоёр үндсэн шалтгаан, итгэлээр хүмүүс хэн нэгнийг дагадаг. Тиймээс жинхэнэ манлайлагч хүн зүгээр сайхан юм ярьдаг хүн биш хийснээ хэрэгжүүлэх чадвартай, мэдлэгтэй, чин сэтгэлтэй нэгэн байх ёстой” хэмээн хэлжээ. Манлайлагч гэдэг нь албан ёсоор удирдах статус авсан хүн ч байж болно, аваагүй ч байж болно. Гагцхүү тэд бүхний манлайд л явж байдаг. Тэд бусдын хараагүй зүйлийг түрүүлж харж, сэтгэдэг. Тэд бусдын урагшлах замыг засаж, мөрөөдөлдөө хүрэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Тийм учраас тэд бусдын хүндэтгэл хүлээсэн хамгийн нөлөө бүхий хүмүүс байдаг.
Товчхондоо, манлайлагч гэдэг бол хүмүүсийг хөдөлгөж чаддаг, өмнө нь боломжгүй мэт харагдаж байсан зүйлийг хамтын хүчээр бүтээж, цаг үргэлж гайхалтай үр дүнд хүрч байдаг хүнийг хэлнэ. Оюун санааны манлайлагчид аль нэг улс төрийн хүчин, бизнесийн байгууллагаас тэр болгон төрөөд байдаггүй. Тэд чимээгүйхэн амьдрах атлаа тэдний хэлсэн үг, хийж буй үйлдэл нь хэрэгтэй цаг үедээ гэрэл гэгээ цацруулж, олон нийтийн оюун санаанд өөрчлөлт авчирдаг юм. Тэдний байгуулсан үйл хэрэг мөнхөд дурсагддаг. Түүний тод жишээ бол үзэл санааны сүүдэрт нуугдсан олон мянган өнгөт арьстнуудын хувь заяаг өөрчилсөн АНУ-ын эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьсны үзлийг эсэргүүцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг.
Тэрбээр АНУ төдийгүй дэлхийн ардчилал, эрх чөлөөний хувьсгал өөрчлөлтөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан оюуны санааны хөтөч юм. Энэ эрхэм хүний хийсэн үг, бүтээсэн үйлс он цагийн эрхэнд мартагдан балардаггүй бөгөөд Мартин Льютер Кингийн дурсгалыг хүндэтгэн, түүний мэндэлсэн өдөр буюу жилийн бүрийн нэгдүгээр сарын 17-ныг америкчууд тэмдэглэдэг билээ. Манлайлал гэдэг зүйлийг албан тушаал, эрх мэдэл нэн ялангуяа улс төрөөс салгаж ойлгож, оюун санааны манлайллыг хүлээн зөвшөөрдөг болсон цагт л улс орон хөгжинө. Үүнийг өмнөх түүх болон өнөөгийн хөгжилтэй орнуудын жишээ тодхон харуулна. Тэд байгалийн баялгаас илүүтэйгээр оюун санааны манлайллыг шүтэж, түүний үр шимийг хүртсэн учир ийнхүү өнгөрсөн болон одоо цагт мандан бадарч буй. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад сайхан ярьдаг сагсуу улстөрч биш оюун санааны манлайлагчдыг хүлээн зөвшөөрөх орон зай үгүйлэгдэж байна.