Зургийн эх сурвалж: num.edu.mn
Улсын онцгой комиссын 2020 оны 7 дугаар сарын 28-ны хуралдаанаар “Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эхэлнэ.” гэсэн шийдвэрийг гаргаж байсан билээ. Гэвч энэ шийдвэр 09 сарын 14-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Коронавируст халдварын салбар дундын 12 дахь шатны эрсдэлийн үнэлгээний дүн, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлыг дотооддоо алдаагүй зэргийг харгалзан сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүллээ” гэсэн шийдвэрээр солигдсон юм.
Гэнэтийн энэ шийдвэр нь 9 дүгээр сарын 1-нээс хичээлийн лекц цахимаар, 10-р сарын 5-наас эхлэн семинарын хичээл танхимаар орно гэсэн шийдлийн дагуу хувийн амьдрал, ажил хөдөлмөрөө төлөвлөн зохицуулж байсан оюутнуудын бухимдлыг хүргэсэн ажээ. Судалгаагаар уг шийдвэрээс болж нийт оюутны 1,6 гаруй хувь нь өөрсдийн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэжээ.
Долоо хоногийн өмнө нийтэд мэдээлсэн шийдвэрийг хөдөө орон нутгийн оюутнуудад дараах асуудлыг үүсгэжээ.
Нэгдүгээрт, орон нутгийн оюутнууд хичээл 10-р сарын 5-наас орно гэсний дагуу цахимаар хөдөө гэрээсээ хичээллэж байсан. Гэвч хичээл сургууль хэвийн горимоор хичээллэх болсон шийдвэрийг 7 хоногийн өмнө олон нийтэд зарласнаас болж байр хотод байр түрээсэлдэг оюутнууд хичээл эхлэхээс өмнө түрээслэх байраа олж амжихгүй болоод байна.
Энэ талаар ШУТИС-ийн 3-р түвшний оюутан Х: “-Би Увс аймагт амьдардаг. Энэ жил өөрийнхөө шинээр оюутан болсон дүүтэйгээ байр түрээслэх бодолтой байсан. Хичээл цахимаар орж байсан учраас 9-р сарын сүүлээр хот руу орж, түрээслэх байраа хайх санаатай байсан юм уг нь. Гэтэл дөнгөж долоохон хоногийн өмнө хичээл танхимаар орох шийдвэр гарсан учраас одоохондоо яах учраа олохгүй байна. Сэтгэлдээ таарсан түрээсийн байр хайж олоход их хугацаа ордог. Хичээл танхимаар орохыг сонссон даруйдаа л хамаатан руугаа залгаж түрээсийн байр хайлгаж эхлээд одоо хүртэл олоогүй байна. Ядаж 14 хоногийн өмнө ийм шийдвэр гаргана гэдгээ дуулгасан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан” гэв.
Хоёрдугаарт, уг шийдвэртэй холбоотойгоор хөдөөнөөс хот руу ирэх зорчигчдын урсгал нэмэгдсэний улмаас хот хоорондын автобусны суудлын тоо дүүрсэн тул хичээл орох цагтаа Улаанбаатар хотод ирж чадахгүй болсон оюутнуудын тоо нэлээд хувийг эзэлж байна.
Энэ талаар МУБИС-ийн 1-р түвшний оюутан Л: "- Манай суманд автобусны суудал хэдэн долоо хоногоор дүүрээд зарим оюутан зэргэлдээх сум руу очиж автобусны тасалбар захиалж авч байна." гэсэн мэдээллийг өглөө.
Үүнтэй холбоотойгоор орон нутагт оршин суудаг оюутнуудаа харгалзан үзэж Этүгэн, Мандах Их Сургуулиуд болон Санхүү Эдийн Засгийн дээд сургууль танхимын хичээлээ 9 дүгээр сарын 28-ны өдөр болгон хойшлуулжээ.
Зургийн эх сурвалж: meds.gov.mn
Улаанбаатарт оршин суудаг оюутнуудын хувьд
Оюутан, багш нарын дунд нийтлэг асуудал үүссэн нь хичээлийн цагийн хуваарь байсан юм. Өнөөгийн их, дээд сургуулиудад үйлчилж байгаа либериал арт хичээл сонголтын систем нь багш, оюутан өөрийнхөө хичээлийн хуваарийг амьдралын хэмнэл, тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулан сонгох боломжтой байдаг. Үүний давуу тал нь долоо хоногийн хичээлүүдээ шахуу хуваарьт оруулан цөөн өдөр хичээлтэй байхаар сонгоод бусад цагийг өөртөө зориулах боломжтой юм. Гэвч энэ 9-р сарын 1-нээс эхлэн цахимаар хичээллэх болсон учраас тэд хичээлийн хуваариа ямар ч хамаагүй цаг дээр тохируулсан нь хичээлээс гадуур ажил эрхлэх, сургалтуудад хамрагдах зэрэг боломжуудыг хааж байсан юм.
МУИС-ийн 3-р түвшний оюутан Д:"-Цахим хичээлийнхээ хажуугаар хүссэн ажилдаа орчихсон үнэхээр гоё явж байтал гэнэт л хичээл "би танхимаар орно" гээд гараад ирлээ дээ. Төр засгийн шийдвэрүүд жаахан тогтвортой, анх гаргасан шийдвэр дээрээ байхад хэцүү байдаг бололтой. Хамгийн гол нь хичээлүүдээ ямар ч хамаагүй цаг дээр сонгочихсон болохоор түүний хажуугаар ажлаа амжуулах нь над шиг оюутнуудаас бас л чармайлт шаардах байх даа л гэж бодож байна." гэлээ.
МУИС-ийн 2-р түвшний оюутан Ш:" -Хичээлийн лекцийг нь орохгүйгээр тооцоолоод бүх ажлаа төлөвлөчихсөн байсан. Нэг өрхөөс хоёр оюутан сурдаг учраас ажил хийхээр бүх зүйлээ зохицуулчихсан байсан. Энэ шийдвэрээс болоод ажиллаж чадахааргүй болчихлоо." гэсэн юм.
Энэ мэт хаврын тэнгэр шиг өнөөдөр шийдээд, маргааш цуцалдаг эрх баригчдын шийдвэрүүдийн их, бага хохирлын эзэд ард иргэд нь болсоор... Ингэхэд дараа долоо хоногт ахиад цахимаар хичээл орох шийдвэр гаргачихгүй байгаа даа? Мэдэх л улс шүү.