Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдсан. Улмаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн төслийг хэлэлцсэн юм.
Улсын дээд шүүхийн 2025 оны төсвийн төслийн талаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцууллаа.
Тэрбээр:
-Хяналтын шатны шүүхийн цар хүрээ өргөжиж байгаатай холбоотойгоор хуралдааны тоо, хэмжээ нэмэгдэж байгаа. Мөн хуулиар тодорхойлсон албан ёсны тайлбар батлах учир судалгаа шинжилгээний ажлуудын цар хүрээ ч мөн нэмэгдэж байна. Шүүхийн шийдвэрийг шүүгч тайлбарлан танилцуулдаг хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор энэ ажлыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалыг гаргаж, нэг чиглэлд оруулах ажлыг мөн гүйцэтгэж байгаа. Ирэх оны төсөвт шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн цахимжилтын хүрээнд төлөвлөлт хийгдсэн. Энэ хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байна. Улсын дээд шүүхийн гадаад харилцаа болон сургалт хөгжлийн арга хэмжээний зардал энэ оныхоос 20 орчим хувиар нэмэгдэж, төсөвлөгдсөн гэв.
Улсын дээд шүүх нь Хангарди ордныг шилжүүлэн авах шийдвэр гарсан бөгөөд барилгыг шүүхийн стандартад нийцүүлэн засах, үүний дараа нүүх, байрших, цаашдын ашиглалтын зардал зэргийг мөн төсөвт тусгажээ.
Мөн Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу батлагдсан сүлжээгээр цалингийн хэмжээг тодорхойлж, төсөвт тусгасан гэлээ. Түүнчлэн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Улсын дээд шүүхийн дэргэд ажилладаг бөгөөд тус хүрээлэнгийн зардлыг бас энэхүү багцад тусгасан.