Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа бараг л дуусаж, хоногоо тоолж буй. Хугацаа давчуу ч хууль, шүүхийн байгууллагын томилгоог амжиж хийх гэсэн санаархал Ерөнхийлөгчийн талаас эрчимжиж, УИХ-ын дарга руу өдөр дараалж хоёр ч томилгооны санал орж ирэв.
Саяхан ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонго, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын хугацаа дуусаж, орны хүмүүсийг томилох асуудал шинэ парламентаар яригдах болов уу гэсэн хүлээлт байсан ч уржигдархан Ерөнхийлөгчийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг цэцийн гишүүнд санал болгосон. Харин УИХ-ын зүгээс Ц.Цолмонг санал болгосон билээ. Товчхондоо олонхоороо бүрдүүлсэн энэ парламентаар цэцийн дараагийн гишүүдийг баталгаажуулах нь ялангуяа Ерөнхийлөгчид ашигтай. Цэц дээр Засгийн газрын гаргасан шийдвэр, УИХ-ын баталсан хуулийг гомдол, маргаан үүсгэх зарчмаар өөрчлүүлэх, хүчингүй болгуулах боломжтой учраас дараагийн парламент хэрхэн бүрдэхээс үл хамаарч амжиж эрх мэдлийн гол түлхүүрээ гартаа оруулах гэсэн үйлдэл юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн дараагийн илгээлт Улсын Ерөнхий прокурорын орлогчийн томилгоогоор үргэлжилж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ БА ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ЭРХ МЭДЭЛ...
Тодруулбал, өчигдөр ЕТГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд О.Машбатыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн албан тоот бичгийг Монгол Улсын Их Хурлын даргад хүргүүлэв.
Тэгвэл О.Машбат нь 2021 оны зургаадугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн бөгөөд түүнээс өмнө 2020-2021 онд Монгол Улсын Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан аж. Тэгэхээр О.Машбатын хувьд Ерөнхийлөгчийн ойрын хүн бөгөөд дараагийн Ерөнхий прокурорт зурагдсан хүн байж ч мэдэх агуулга харагдаж буй юм.
Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хуулиараа зөвхөн Ерөнхийлөгч нэр дэвшүүлж УИХ-д танилцуулан зарлиг гарган томилдог. Нөгөө талд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ганцхан Улсын ерөнхий прокурор УИХ-д танилцуулдаг учраас дараагийн парламентыг гартаа байлгах гэсэн Ерөнхийлөгчийн эрх мэдэл прокуророор дамжиж томрох магадлалтай гэсэн үг.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРААТ БУС БАЙХ ЗАРЧИМ АЛДАГДАЖ, ХУУЛИЙН ЦООРХОЙГООР УЛСТӨРЧДИЙН ТОМИЛГОО ХИЙГДДЭГ БОЛСОН УУ
Өөрөөр хэлбэл, 2022 онд прокурорын байгууллагын хуульд өөрчлөлт оруулахдаа хуулийн 45.4 дэх заалтад том өөрчлөлт хийж, өмнө нь мөрдөгдөж байсан 10-аас доошгүй жил хуульч мэргэжлээр ажилласан “прокурорыг” Улсын ерөнхий прокуророор болон түүний орлогчоор томилно гэж заасан байсныг “иргэнийг” гэж сольж оруулснаар эрх баригчид хүсвэл зөвлөхөө хүртэл прокурорын байгууллагыг хариуцуулах хэмжээнд хажуудаа уясны нэг үр дагавар нь гэж хуульчид шүүмжилдэг.
Өнгөрсөн хугацаанд Прокурор дээр боогдсон хэргүүд шүүх рүү шилжихгүй удаж, тэр дунд томчуудын хэрэг дарагддаг. Цаашлаад ял наймаалцах замаар хэргийг уядаг тохиолдол газар авсан асуудлаар ч бишгүй олон хүмүүс дуугарч байв. Үүний цаад нэг шалтгаан нь прокурорын байгууллагын толгойг улстөрийн томилгоогоор хийж ирсэн тул шударга, хараат бус байх зарчим алдагдсан гэж үзэж байгаа юм. Хамгийн том жишээ нь саяын нүүрсний хулгайн хэрэг. Мөн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдсон Хөгжлийн банкны хэрэг гээд эздийг нь хамгаалж дунд, доод шатны хурган дарга нарыг шарж үзүүлэн, авлига, хулгайн хэргийг намжаасны цаана шүүх болоод прокурорт нөлөөлсөн эрх баригчдын улс төр бужигнаж өнгөрсөн нь илт.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчөөс УИХ-д оруулсан дээрх томилгооны санал ч мөн босгогүй, цензургүйгээр зүтгүүлсэн эрх мэдлийн төлөөх нүүдэл гэж хэлж болохоор байгаа юм.
Дашрамд сануулахад, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2019 оны 4 дүгээр сард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналаар УИХ-тай зөвшилцөж томилж байсан юм. Бүрэн эрхийн хугацаа нь ирэх оны 4 дүгээр сард дуусна.
Мөн Б.Жаргалсайханы одоогийн орлогчид болох М.Чинбат, С.Алиманцэцэг нар 2019 оны 5 сард мөн Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад түүний саналаар УИХ-тай зөвшилцөж, томилж байв.
Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохдоо хуулийг дээдэлж, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог байгууллага болов ч эрх баригчдын дохиур болж хувирч буй нь харамсалтай.