Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Ойдов: Хөгжлийн бэрхшээлтэй болохоороо л тэтгэмж аваад суух ёстой биш

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 7 секунд

Монголд сэргээн засал, сувилгаа, ахуй засал, бие даан амьдрах үйлчилгээнд зориулагдсан хэрэгслүүдийн худалдаа, сургалт, зөвлөгөөг эрхэлдэг салбартаа анхдагч "Рехтус" компанийн захирал В.Ойдовтой уулзаж ярилцлаа.

Зургийн тайлбар: Нэг гэр бүлийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах боломжтой юм байна гэж бодсон учраас анх эхлүүлсэн.

- МАНАЙ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ БОЛ ДАН АСАРГАА СУВИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ДАГНАСАН-

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ойдов гэдэг. Би “Рехтус” хэмээх өөрийн байгуулсан жижиг компанийн захирлаар ажиллаж байна. Ер нь 15 гаруй жил олон улсын төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Мөн 10 гаруй жил бизнесийн салбарт ажилласан туршлагатай.

-Яагаад өөрийн бизнесийг эхлүүлэх болсон бэ?

-Тодорхой орон зай харагдсан. Нэгдүгээрт бизнесийн хувьд боломжтой байгаа нь харагдсан. Энэхүү бизнесийг хийснээр улс орон болоод нэг гэр бүлийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах боломжтой юм байна гэж бодсон учраас анх эхлүүлсэн.

-Монголд анх удаа ийм төрлийн бизнесийг оруулж ирсэн гэж ойлгож болох уу?

-Нэг зүйл тодруулж хэлэхэд манай компанийн үйл ажиллагааны онцлог бол зөвхөн асаргаа, сувилгааны чиглэлээр дагнасан гэдэг утгаараа анхдагч болж байгаа юм. Бусад адил чиглэлийн компаниуд эм болон эмнэлгийн тоног төхөөрөмж рүү илүүтэй чиглэсэн үйл ажиллагаатай. Харин манайх хувь хүн болон гэр бүл рүү илүү чиглэсэн асаргаа, сувилгааны хэрэгсэл тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдэг. Үүгээрээ “анхдагч” гэгдэж болно. Түүнчлэн энэхүү тодорхойлолтод багтах олон ажлыг санаачлан хийсэн. Тухайлбал тэргэнцэр түрээслүүлэх үйлчилгээг анх эх орондоо санаачлан бий болгож, лифтгүй барилгыг лифттэй болгох ажлуудыг хийж байлаа. Анх удаа орон нутагт сэргээн засах тасаг байгуулсан гэх мэт.

-Энэ бүгд өөрийн тань хөрөнгөөр хийгдэж байсан уу?

-Хамтарсан байдлаар эсвэл хандивлагчийн хөрөнгөөр гэх мэт янз бүр байсан.

Түүний твиттер хаяг: @OidovVaanchig

- ТЭРГЭНЦЭР ХЭЗЭЭ Ч ҮНЭГҮЙ БАЙДАГГҮЙ. ХАРИН МОНГОЛД ОРЖ ИРЭХДЭЭ ТОДОРХОЙ ХАНДИВЛАГЧИЙН ТУСЛАМЖААР ҮНЭГҮЙ ТАРААСАН ТОХИОЛДОЛ ОЛОН-

-Та өөрийн амьдралын туршлага дээр үндэслэн энэ төрлийн ажлыг хийж эхэлсэн үү?

-Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн. Мөн олон улсын хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй болохоороо л тэтгэмж аваад суух ёстой биш. Өөрөө ямар нэгэн байдлаар гэр бүлээ тэжээж, ажил хийж, хүссэн зүйлээ худалдаж авдаг байх хэрэгтэй. Иймд өөрийн хийж буй ажил болон хиймээр байгаа зүйлээ эргэж харахад огтлолцол нь энэ бизнес дээр таарсан юм.

-Хүмүүсийн хүлээж авах хандлага ямар байдаг вэ?

-2013 оноос эхлээд тооцвол байгуулагдаад долоо гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Анх хүмүүс тэргэнцрийн түрээсийн үйлчилгээ гэхээр ойлгоогүй. Яагаад үнэгүй зүйлийг ийм үнэтэйгээр түрээсэлж байгаа юм гэх мэт буруу ойлголттой байсан. Тэр болгонд нь маш сайн тайлбарлахыг хичээдэг. Тэргэнцэр хэзээ ч үнэгүй байдаггүй. Харин Монголд орж ирэхдээ тодорхой хандивлагчийн тусламжаар үнэгүй тараасан тохиолдол олон. Энэ нь хэрэглэгчдэд үнэгүй байдаг зүйл юм байна гэх буруу ойлголт төрүүлсэн байх. Манай компанийн оруулж ирсэн зарим бүтээгдэхүүн их үнэтэй байдаг. Бараг дундаж цалинтай хүний худалдан авалт хийх боломжоос ч үнэтэй байх тохиолдол бий. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүн маань асаргаа шаардлагатай хүнд зориулагдсан гэдэг утгаараа хамгийн бат бөх материалаар чанартай технологи дамжиж өндөр өртөгтэй хийгддэг.  Ингэхээр үнэтэй зарагдахаас аргагүйд хүрдэг.

Хандлага гэхээс илүү хэрэглэгчийн боловсролыг хөгжүүлэх чухал гэж би боддог. Хүнд сайн тайлбарлаж өгөхгүй хэдэрлээд хэрэлдээд байж болохгүй. Эхлээд хэрэглэгч дургүйцэж, “намайг шулж байна” гэж бодож магадгүй. Гэхдээ тайлбарлах тусам хэрэглэгч мэдэж, ойлгож эхэлдэг. Би жилийн өмнөөс Дани улсаас живх оруулж ирдэг болсон. Тэгэхэд ижил төстэй живхний зах зээлийн үнэ 1200-1500 төгрөг байхад манайд 2800 төгрөгөөр зарагдах жишээтэй. Харин хүмүүс хэтэрхий үнэтэй байна гэж хардаг. Гэтэл энэ живх бол Европын улс орнуудад хамгийн үнэтэй бөгөөд чанартайдаа ордог. Ялгаа нь муу живх нойтон мэдрэмж төрүүлээд биед эвгүй байдаг учир 4 цаг тутам солих хэрэгцээ гардаг. Харин сайн живх бол тавгүй мэдрэмж төрүүлэлгүй 8 хүртэл цаг хэрэглэгддэг. Ингэхээр эсрэгээрээ үнэтэй чанартай зүйл маань хэмнэлт болох тохиолдол бий. Чанаргүй бүтээгдэхүүний эхний өртөг хямд санагдсан ч дахин авах хэрэгтэй болдог шүү дээ.

Зургийн тайлбар: Анх хүмүүс тэргэнцэрийн түрээсийн үйлчилгээ гэхээр ойлгоогүй. Яагаад үнэгүй авдаг зүйлийг ийм үнэтэй түрээслээд байгаа юм гэх мэт буруу ойлголттой байсан.

- ХҮМҮҮС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ МӨНГӨГҮЙ ГЭЖ ХАРДАГ. ГЭТЭЛ ТЭДНИЙ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭЭД ЯВЖ БУЙ ХҮН ЗӨНДӨӨ ШҮҮ-

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өдөр тутам ямар асуудлууд тулгардаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт ижил асуудал тулгардаггүй. Миний хувьд оюутан ахуй насандаа автобусанд найзуудаараа үүрүүлж зорчдог байсан. Хожим таксигаар түлхүү зорчдог болсон. Хэрвээ арай нийтлэг тулгардаг асуулдыг авч үзвэл тулгуур эрхтний буюу хөдөлгөөний бэрхшээлтэй хүний хувьд шат, налуу зам, хаалга, ариун цэврийн өрөө гэх мэт юм бэрхшээлтэй, Хараагүй хүний хувьд зүг чигээ олох, дуут дохиогүй байх байдал нь бэрхшээлтэй байна. Иймд хөгжлийн бэрхшээл бүрээсээ хамаараад тулгардаг асуудлууд нь өөр байдаг.

-Таны амьдралд тулгарч байсан хэцүү бэрхшээлүүд юу байсан бэ?

-Би таяг тулдаг учраас тулгуур эрхтний бэрхшээлдээ орно. Хамгийн эхлээд нийтийн тээврээр явах, зам хөндлөн гарахад налуу замгүй байх, байшин барилга руу ороход өндөр шаттай байх зэрэг нь миний хувьд бэрхшээл болж хувирдаг. Мөн шалны халтиргаа, хаалганы хатуу нугас, өндөр босгоноос эхлүүлээд дурдвал зөндөө бодит бэрхшээл бий. Энэ асуудлыг арай томоор авч үзвэл сургууль цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээж авахад бэлэн биш байна шүү дээ. Их сургуульд л гэхэд хөгжлийн бэрхшээлтэй нэг хоёр биш 10-20 хүүхэд байх ёстой. Гэтэл хүлээж авах нөхцөл нь огт бүрдээгүй байдаг учраас хүүхдүүд сургуульд сурч чадахгүй гэртээ өнжиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо ихсэж байгаа ч хүлээж авах хүртээмж бага байдаг. Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг мөнгөгүй гэж хардаг. Гэтэл тэдний дунд бизнес эрхлээд явж буй хүн зөндөө шүү.

-Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин сайн бүрдээгүй юм шиг санагддаг?

-Тийм ч муу санагддаггүй ээ. Зарим өндөр хөгжилтэй орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүний нөөц гэж харж хүлээж авдаг учраас энэ тал дээр сайн анхаарч ажилладаг. Гэтэл эсрэгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ амбаарт хадгалах юм уу шашны ойлголтын улмаас хөнөөчихдөг улс орнууд ч байна. Ядуу буурай улс орнуудад бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хүний эрхийн тухай дурсагдах ч үгүй. Ингээд бодоод үзэхээр Монгол улс энэ тал дээр хамгийн сайн нь биш боловч муу нь ч бас биш.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Түүний твиттер хаяг: @OidovVaanchig

С.Хонгорзул

Урьдчилан сэргийлэх багцын үзлэгт 14 мянган багш, ажилтан хамрагджээ
Урьдчилан сэргийлэх багцын үзлэгт 14 мянган багш, ажилтан хамрагджээ
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Эрх гэхээс илүү үүргээ ухамсарлаж ажиллана
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Эрх гэхээс илүү үүргээ ухамсарлаж ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.