Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлд гадаад улсын иргэдийн эд зүйлийг нь дээрэмдсэн гэх таван гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ, БНСУ, Малайз улсын иргэдийн өмчлөх эрхэд халдаж, гар утас болон бэлэн мөнгийг дээрэмдэж хулгайлсан хэрэг гарсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн 37 настай Б-г үл таних хоёр этгээд хүч хэрэглэхээр заналхийлж, эд зүйлийг нь дээрэмдсэн байна.
Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор гадаад улсын жуулчид манай улсад ихээр ирдэг. Үүнтэй холбоотойгоор жуулчид гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа тул тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлд холбогдох аялал жуулчлалын байгууллагууд анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.