Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Энэ оны долдугаар сарын 10-нд тохиох “Төрийн далбааны өдөр”-өөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулна" гэжээ.
Монгол Улсын Төрийн далбааны өдрийг 2008 оноос жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж ирсэн. Энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн далбааны талаар доорх заалтууд багтсан байдаг.
12.1 Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
12.2 Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
12.5 Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.