Монголын эдийн засгийн тулгуур болсон Өмнөговь аймгийн бүс нутагт нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдал нэн чухал. Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Бүү яар, бусдыг хүндэл” аяныг хүрээнд жолооч нарт зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм. Энэ аяныг “Гашуун сухайт авто зам” ХХК болон гэрээт цагдаагийн хэлтэс хамтран энэ сарыг дуустал өрнүүлж буй.
Тавдугаар сарын 1-ээс эхэлсэн тус аянд жолооч нарт сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхийн сацуу аян замд хэрэгцээтэй ус болон хогийн уут зэргийг ч бас өгч байгаа юм. Тэр дундаа нүүрс тээврийн 40 хувийг бүрдүүлдэг бүс нутгийн хоорондын уялдаа холбоог хангахад мөн аяны гол зорилго оршиж буй.
Тодруулбал, Гэрээт цагдагийн хэлтэс, Цогтцэций сум дахь АТҮТ, Гашуун сухайт Боомтын захиргаа, Тээврийн аж ахуй нэгжүүд, Баян зам тээвэрчдийн холбоо, Түмэн наст тээвэрчдийн зөвлөлийн хамтын эргэх холбоог сайжруулах юм.
Эдгээр холбогдох байгууллагууд “Бүү яар, бусдыг хүндэл” аяны хүрээнд Цогтцэций сумын Тавантолгой бүлэг ордоос Ханбогд сумын Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай, хүнд даацын нүүрс тээврийн 239 км авто зам дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, жолооч нарыг авто замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцохыг уриалж байгаа юм. Энэ хүрээнд дараах хуулийг баримтлан ажиллаж байна. Үүнд,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1, 8.2 болон 13.4 дэх хэсгүүд,
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйл, 8 дугаар зүйл 8.2.7, 8.2.8, 30 дугаар зүйл 30.1.1, 30.1.2, 30.1.4 дэх хэсэг багтаж байна.