Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн дэвших нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх зорилгоор дараах чиглэлээр мэргэшсэн гурван гишүүнийг сонгон шалгаруулах юм. Үүнд:
- Геологи, уул уурхай
- Санхүү, эдийн засаг
- Олон нийттэй харилцах
Оюутолгой зэс-алтны төсөл нь 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсны үндсэн дээр 2013 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөг хүртэл хэрэгжиж байна.“Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66%-ийг Туркойз Хилл Ресурс эзэмшдэг бөгөөд Рио Тинто тус компанийн гаргасан хувьцааны олонхийг эзэмшдэг. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгийн гурвыг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Эх сурвалж: МУЗГ