Зургийнх нь өмнө зул бадамлаад аль хэдийнээ 30 хоног өнгөрчээ. Зургаан сарын 05-ны өдөр 49 хоног нь болох гэнэ.
Хэдхэн сарын дараа есдүгээр ангиа төгсөөд "Политехник коллежид сурч, гагнуурчин болчхоод аав ээждээ хашаа байшин авч өгнө" хэмээн мөрөөдөж байсан жаахан охин хариуцлагагүй жолоочийн үйлдлээс болж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь энэ. Бас энэ гэр нэг л хоосон, нэг л хөндий. Аав, ээж, ах, дүү гээд бүгд байгаа ч ганцхан 16-хан настай охин л алга. Харин үл ялиг мишээсэн жаазтай зураг нь л үлдэж.
Маанийн ерөөл аажуухан сонстохтой зэрэгцэн "Миний дүү бурхан болсныг эмнэлгээс гарж ирээд л мэдлээ" гэж эгч нь уйлан, хайлан ярина. Энэ бол өнөөдрөөс нэгхэн сарын өмнө Хайлаастад болсон авто ослын хохирогч.
Нэг гэр бүлийн дөрвөн гишүүн уулан дээрх тоглоомын талбайд очиж тоглочхоод гэр рүүгээ буцах замдаа ийнхүү осолд орж, гэрийнхээ чимэг болсон бяцхан охин харамсалтайгаар амь насаа алдаж, 25 настай эгч нь 9 настай хүү бас ахынхаа хүү болох 13 настай хүүгийн хамт осолд өртөж, ноцтой бэртэл авсан юм. Өдгөө 2 хүүгийн хувьд хөл нь хугарсан тул хичээлдээ явахгүй байгаа бөгөөд босож алхаж ч чадахгүй байна. Харин 25 настай бүсгүйн хувьд өөрийгөө хэзээ эмнэлгээс гарснаа ч мэдэхгүй, одоо л жаахан ухаан орж байна хэмээнэ. Тэрбээр үргэлжлүүлэн,
Шөнө унтаж чадахгүй өвчин намдаагч лаатай л жаахан амарч байна
"Хүү бид гурав шөнө болгон унтаж чадахгүй л байна. Заавал өвчин намдаагч лаатай л жаахан амрах юм. Одоо биеийн байдал тун хэцүү л байна. Өөрөө гараа тулаад босож чадахгүй, заавал ээж, аав, ахаараа дэмнүүлж л босдог. Бас боолтоо хийлгэхээр эмнэлэг рүү явах үед хавирга өвдөөд, гар янгинадаг. Яг үнэндээ хэцүү л байна.
Тэр өдөр би энэ гурвыгаа аваад уул руу гарч тоглочхоод гэр лүү буцаж байсан юм. Зарим хэвлэлүүдээр гарцаар гарч байхдаа осолд орсон гэсэн байсан. Гэхдээ тэгээгүй. Явган хүний замаар алхаж байтал гэнэт ард чанга чимээ сонсогдож айсан, удалгүй ар нуруу руу мөргөчихсөн. Яагаад тэр өдөр тийм гай тохиолдсон юм бол, хэлж мэдэхгүй байна. Жолооч эмэгтэй тэр өдөр автобусаараа явчихсан бол өнөөдөр бид ийм зовлон үзээд, дүү минь ч амиа алдахгүй байсан. Их л гарз тохиосон доо.
Бас би эмнэлэгт байхдаа дүүгээ амьд байгаасай гэж их хүссэн. Гэтэл эмнэлгээс гараад гэртээ ирэхдээ л дүүгээ бурхан болсныг мэдлээ. Ээж маань надад "Дүү нь байгаа" гээд байсан юм. Харамсалтай нь дүү минь байхгүй болчихсон байна. Тэр том блоконд даруулсан хүүхэд яаж ч амьд байх билээ дээ. Гэхдээ л амьд байгаасай гэж хүсэж байсан. Одоо дүү маань босоод ирэхгүй л дээ.
Осол болсны дараа би дүүгээ блоконд даруулчихсан байхыг нь харсан. Тэгээд дүүгийнхээ нэрийг зөндөө их дуудсан ч дүү маань хариулаагүй. Тэгээд л ухаан алдчихсан. Бас би одоо ч гэсэн машинд суухаас айж байна. Өнөөдөр л гэхэд боолтоо солиулах гээд эмнэлэг рүү явж байтал нэг машин дохиогоо өгөхгүй эргэхээр нь их л айлаа. Хүү маань ч гэсэн машинд суухдаа "Яана аа ямар нэг машин ирээд бид нарыг мөргөчих вий дээ" гээд л байна. Хэзээ энэ айдсаасаа салахыг хэлж мэдэхгүй юм. Ер нь л бие, сэтгэлийн асар их хохирол амссан" гэв.
Харин түүний хүү бидэнд хандаж,
Хурдхан шиг л гараад гүймээр санагдаж байна
"Ангийнхаа найзуудыг маш их санаж байгаа. Бас найзуудтайгаа, ахтайгаа хамт тоглохыг хүсэж байна. Хурдхан шиг л гараад гүймээр байна" гэсэн юм.
Арга ч үгүй биз хөвгүүдийн хувьд хөл нь хугарсан тул гүйж, харайж, босож ч чадахгүй болохоор үеийнхээ найзуудтай хамт тоглохыг хүсэх нь лавтай. Мөн дээр нь тархиндаа гэмтэл авсан тул орой бүр толгой нь янгинаж өвдөж байгаа аж.
Түүнээс гадна энэ гэр бүл айлын хашаа түрээслэн амьдардаг. "Сарын дараа хашаагаа суллаарай" гэж хашааны эзэн хэлсэн тул ойрын хугацаанд нүүх газар олох шаардлага гарчээ. Гэхдээ хохирогч бүсгүйн найз Г.Шинэтуяа болон сайхан сэтгэлт хүмүүс нэгдэн тэднийг өөрийн гэсэн хашаа, байшинтай болгохоор хандивын аян эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 42 сая төгрөг цугларчээ. Гэхдээ энэ мөнгө нь хашаа байшин авахад нь хараахан хүрэлцэхгүй байгаа аж. Түүнээс гадна иргэдийн зүгээс хохирогчийн найзыг илт буруутгасан өнгө аяс бүхий сэтгэгдлийг их ирүүлж буй тул хохирогч бидэнд хандан ийнхүү ярьсан юм.
Найз маань биднийг л бодож хандивын аян эхлүүлсэн учраас найзын минь талаар сөрөг сэтгэгдэл битгий цацаарай
"Найз маань бид гурвыг бас ээжийг маань бодсондоо л хандивын аян эхлүүлсэн. Өөрөө ажилтай хүн болохоор миний нэрийг бариад хүмүүсээс хандив цуглуулна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор хүмүүсийг ч бас үүнийг сайтар ойлгоосой гэж хүсэж байна. Мөн дээр нь сэтгэл сайтай найзуудтай байх үнэхээр сайхан юм гэж бодогдож байна.
Бид байнга уулзаад байдаггүй байсан юм. Саяхан сургуулийнхаа 50 жилийн ойгоор таарч "Би өрх толгойлсон ээж. Нөхөр маань хүүгээ төрөхөөс өмнө бурхан болчихсон учраас одоо аав, ээж, эх дүүтэйгээ айлын хашаа түрээслэн амьдардаг" гэдгээ хэлж байсан юм. Бас дээр нь би яг одоо найзууддаа тусалж чадахгүй байгаа ч гэсэн ирээдүйд тусалж чадна гэдэгтээ итгэж байна. Мөн сайхан хүмүүсийн сэтгэлийн дэмээр босоод ирэх юмсан гэж үнэхээр их хүсэж байна" гэлээ.
Харин түүний ээж Г.Болормаа гурвын гурван хүүхдээ асарч тойглож байна. Тэрбээр,
Хэргийг үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна
"Үнэнийг хэлэхэд маш хүнд байна. 16-хан настай охиноо алдчихсан, одоо гурвын гурван хүүхдээ асарч байна. Яагаад тэр өдөр тийм аймшигтай зүйл болчхов оо. Одоо бидний хүсэж байгаа зүйл гэвэл шүүх, прокурор нь хэргийг үнэн зөвөөр тогтоогоосой, хохирлыг маань барагдуулаасай л гэж хүсэж байна. Бас хоёр сайн өмгөөлөгч бидэнд үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэхээр болсон. Маш их баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх.
Түүнээс гадна нэг сайт дээр охиныг маань гутал зээлж авсныхаа дараа осолд орсон гэсэн байсан. Үүнд залруулга хиймээр байна. Гутлаа авсныхаа дараа гэртээ авч ирж орхичхоод тоглоомын талбай руу явсан. Тийм болохоор худал мэдээлэл битгий тараагаасай гэж хүсэж байна" хэмээсэн юм.
Хэдий энэ гэр бүл хэцүү бэрхийг туулж яваа ч хэзээ ч шантрахгүй байгаа нь бахархалтай. Магадгүй тэдэнд туслах хүсэлтэй иргэд байвал хандивын аянд нэгдэж, нэг ч гэсэн өрхийг орох оронтой, очих хаягтай болгоход нь туслахыг хүсэж байна.
- Хандивын данс 5032705098 Хаан банк /Ээж Г.Болормаа/
- Холбогдох дугаар: 80503304