УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.
Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй аж. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гарган, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэх Байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 65.8 хувь дэмжлээ. Иймд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр тогтоол батлагдав.