Баянгол дүүргийн 22 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон бусад албаныхан барилгын ажлын үйл явцтай танилцлаа.
Тодруулбал, тус дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд “Очирням проперти девелопмент” ХХК өөрийн хөрөнгөөр 4 га талбайн 420 өрхийн газрын чөлөөлж, 200 хүүхдийн цэцэрлэг, 1920 хүүхдийн суудалтай хоёр бага сургууль, 3500 айлын орон сууц бүхий “Мега сити” хотхоныг барихаар төлөвлөсөн юм.
Энэ хүрээнд эхний ээлжийн 65 айлын газрыг чөлөөлж, 1000 айлын орон сууцыг барьж байгаа бөгөөд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг энэ сард эхлүүлж, ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн юм. Барилгын явцтай танилцах үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Баянгол дүүргийн 22 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн насны 2400-2500 хүүхэд байгаа. Цэцэрлэг болон бага сургууль гэртэй ойрхон байх нь чухал. Тиймээс нийгмийн хариуцлага үзүүлж, сургууль, цэцэрлэг барьж байгаад талархаж байна” гэв.