УИХ-ын БСШУСБХ-ны хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаад, төслийг тус Байнгын хороонд шилжүүлсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хийлээ.
Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэж заасны дагуу Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй томъёоллоор санал гаргах гишүүн байгаа эсэхийг хуралдаан даргалагч лавлаж, Ажлын хэсгийн саналыг зүйл тус бүрээр уншиж, танилцуулаад санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн зүйл тус бүрийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулахаар боллоо.