Манай улсын хувьд энэ жилийн томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байна гэж ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа мэдээллээ.
Тэрбээр, “Манай улс Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг хууль тогтоомж, дүрмийг сахин аливаа нэг шинэ вакциныг хэрэглэдэг. ЭМЯ-ны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Томуугийн вакцины тухайд жил бүр Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр хийдэг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан. Зорилтот бүлгийн хүн амд зориулан дархлаажуулалтыг хийнэ. Энэ удаа БНСУ-ын Green Cross компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин ирэх юм. “COVID-19” халдварын эсрэг вакцины тухайд дэлхийн эрдэмтэд ажилласаар байна. Өнөөдөр дэлхий дахинд 172 үйлдвэрлэгч, эрдэмтэд вакцин бүтээгээд туршилтын шатандаа явж байна. Үүний 142 нь эмнэлзүйн судалгааны өмнөх түвшинд байгаа бол 34 үйлдвэрлэгч клиникийнхээ өмнөх түвшинд, 8 үйлдвэрлэгчийн вакцин клиникийн хоёр, гурав дахь шатны туршилтдаа явж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Вакцины үйлдвэрлэл, клиникийн туршилтууд амжилттай болж, холбогдох бүртгэл, баталгаажуулалт, чанар, хяналтын дараа зах зээлд нийлүүлдэг юм. Одоогоор дэлхий дахинд нийлүүлэлтэд бэлэн болсон вакцин гараагүй байна” гэв.
БНСУ-ын томуугийн вакциныг зорилтот бүлгийн хүн амд хэрэглэнэ
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам: Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг юм. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ.
Жил бүр томуугийн вирусний хэв шинж дэхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу манай орон багтдаг хүйтэн сэрүүний улиралд хүн амын дунд томуугийн ямар вирус өвчлөл үүсгээд байна вэ гэдгийг лабораторийн тандалтаар судалдаг. Тухайн тандалтын мэдээллийг судалгаа шинжилгээний байгууллага болон ДЭМБ-д өгснөөр тухайн жилийн вакцинд аль вирусний эсрэг биетийг агуулсан вакцин үйлдвэрлэх вэ гэдгээ шийддэг. Энэ жилийн хувьд гурван цэнт вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд бид H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакцины захиалга хийсэн.
Зорилтот бүлгийн хүн амд байнгын болон түр явуулын цэгүүдээр дархлаажуулалт хийдэг. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд ордог бөгөөд эцэг эхэд нь урьдчилж мэдээлэл өгсний үндсэн дээр дархлаажуулдаг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зорилтот бүлгийн хүн амд ордог жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээ дархлаажуулалтад хамруулдаг. Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ-д эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг. Тиймээс иргэд, олон нийт томуугийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэлд итгэлгүй албаны эх сурвалжтай мэдээллийг хүлээн авч байхыг зөвлөж байна.