Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 7-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллаж, яамны хамт олонтой уулзан Засгийн газрын тавьж буй зорилт, төрийн албан хаагчид, түүний дотор төрийн тусгай албанд ажиллаж буй дипломат албаны ажилтнуудын өмнө тавигдаж буй шаардлагын талаар ярьж, албан хаагчид ажлаа ёс төртэй, хариуцлагатай гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өглөө.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын гадаад бодлого, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэрээр гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тулгарч буй шийдвэл зохих асуудлуудын талаар мөн танилцуулав.
Ерөнхий сайд яамны хамт олонтой уулзсаны дараа тус яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, ГХЯ-ны ой санамж болох архив болон музейн үйл ажиллагаатай танилцаж, яамны хамт олонтой дурсгалын зураг авахууллаа.
Эх сурвалж: ГХЯ