Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Чойжамц: Х Богд бол Бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 56 секунд

Тунамал сайхан Богдыгоо
Туулай жилдээ зална даа ..
.гэж энэ дууг манай монголчууд тэртээ хориод оны сүүлээр дуулж байсан гэдэг. Үнэхээрийн т
унамал сайхан Богдыгоо өнгөрсөн “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилд Монголчууд сэнтийд нь залсан. Өнөөдөр Х Богд Жавзандамба хутагтын лагшин мэндэлсэн их дүйчин өдөр тохиож байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд түүнд хүндэтгэл үзүүлж ном хурж, сүсэгтэн олон буяны номонд даган баясч байна. Аргын тооллоор X Богд тавдугаар сарын 4-нд мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул өнөөдөр ийнхүү 11 нас хүрч байгаа аж. Ингээд Х Богдын талаар хэн юу хэлж, юуг онцолж байсныг хүргэе.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц гуайн Өдрийн сонинд 2023 оны тавдугаар сарын 25-нд өгсөн ярилцлагын хэсгээс:

Х Богд бол Бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм

-Газар байршил, төрсөн цаг хугацаа гээд асар нарийн шүүлтүүрээр нарийвчлан судалсны дүнд 11 хүүхэд шалгарч үлдсэн. Хуучин цагт Богд дээдсийг тодруулдаг номын ёсны дагуу 11 хүүхдээс есөн хүүхэд дээр нарийвчилсан шинжилгээ хийгдсэн. IX Богдын өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан шашны эд зүйл болох хонх очир, эрхи тэргүүтнийг бусад адил зүйлстэй холин байршуулсан байсан. Тэр таниулах гэж байгаа зүйлс рүү очиж гар хүрсэн хүүхэд ганцхан байсан. Бусад нь огт хүрээгүй. Энэ хүүхэд бол шууд тэр шашны хэрэглэгдэхүүнүүд дээр очсон.

Өөрийнх нь өдөр тутам ном уншдаг байдаг хайртай эрхийг нь шууд олж аваад хүзүүндээ зүүчихсэн.Тэгснээ тэр дотроос хонхыг нь олж гаргаж ирээд барьж үзээд, нэг цохиод дугаргаж байгаа юм. Яг л өөрийнхөө урд дүрийн хэрэглэж байсан юмнуудыг таньж олж авсан.

Надад тэр олон хольж хутгаад тавьчихсан шашны эд хэрэгсэл дотроос хайртай эрхийг нь шууд авч зүүгээд, хонхыг нь олж аваад дугаргахад үнэхээр онцгой сэтгэгдэл төрсөн.

Тэр үед хөлд орсон, хэлд ороогүй байсан. Тэр орчин бол гайхширал, сүсэг бишрэлийн асар сонин агаар дундах орчин байсан. X Богд гэгээн бол Дэлхийн Бурханы шашинд чухал үүрэг гүйцэтгэх гэгээнтэн юм. Дэлхийн Бурханы шашны томоохон төлөөлөл яах аргагүй мөн. Энэ утгаараа дэлхийн маш олон газрын анхаарлыг татаж байгааг нууцлах юм байхгүй ээ. Тийм учраас X Богдын институт бол бүх дэг ёсны дагуу байна. Шашны дэг журмаараа л явна. Бурханы шашны мэдлэг ухаан, орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг боловсролыг өв тэгш олгох бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Богд маань монгол ээжээс төрсөн, монгол аавын хүүхэд. Удам гарлын хувьд эцэг эхийн тал хуучнаар Түшээт Ханыхан. Ээжийнх нь аав Өмнөговийн Ханбогдын хүн. Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, монгол хүн бүхэн дотроо Богд гэгээнээ сүсэглэн дээдэлж буй биз ээ.

Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг аавын талаас ирдэг

Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайханы 2024 оны хоёрдугаар сарын 15-нд Өдрийн сонинд өгсөн ярилцлагын хэсгээс:

-Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг гэдэг бол аавын талаас үе дамжин ирдэг биз дээ. Одоо олон монголчууд тэгвэл яах гэж боржигин овогтон болох гээд байдаг юм бэ? Эзэн Чингис хааны уг удамтай холбоотой болох гэсэн санаа мөн биз дээ. Богдын тухайд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар болон хоёрдугаар Богд хоёул Чингис хааны алтан ургийн хүмүүс мөн билээ. Түүний дараа тодорсон Богдууд цөм л Анхдугаар Богдын хувилгаан дүр мөн тул алтан урагтай шижим холбогдсон хэмээн үзэх учиртай.

Тиймээс Х Богд бол Өндөр гэгээний хувилгаан дүр гэж хүлээн авах нь зөв юм.

Х Богдын аав нь сайхан монгол эр хүн байна лээ. Булган аймгийн жолоочийн хүү юм гэсэн. МУИС-ийн сайхан сэхээтэн, профессор, Төрийн шагналт математикч гэж дуулсан. Тиймээс лам хувраг сүсэгтэн олон бүхий л монголчууд Богдыгоо Чингис хааны алтан ургийн удам, Өндөр Гэгээн Занабазарын хувилсан дүр гэж хүлээн авч, бишрэн шүтэж хүндэтгэвэл түүхэндээ болон Богдууддаа хүндэтгэлтэй хандаж байгаа нэг хэлбэр болно гэж бодож байна. Түүх болон уран зохиол, уран сайхны кинонд Богд хааныг сөргөөр үзүүлж байсны уршгаар бурхны шашин, Богдын дүр монголчуудад нэг л буухгүй байх шиг байна.

Онцгойлон хэлэхэд монголчууд бид Х богдын асуудалд өнгөц хандмааргүй байна. Энэ бол монголчуудын хувьд амин асуудал шүү. 267 жилийн дараа бурхны шашны тэргүүнээр Монгол нутгаас, монгол хүн тодорлоо. Энэ магадгүй дахиад 200, 300 жил бурхны шашны тэргүүн монгол хүн байх түүхэн эхлэл гэж ойлгож хүлээн авбал зохилтой. Хүний сүсэг бишрэл, шашин шүтлэг гэдэг нэн эмзэг. Монгол үндэсний, монгол хүний зүрхэндээ тээж яваа гэрлийн очийг асаасан энэ эмзэг зүйлийг арилжаа наймаа, авах өгөхийн өнцгөөр харж, хандах нь зохимжгүй.

Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.