Энэ сарын 15-нд ЭЦА-наас "Баян" гэх Р.Базарын оффист нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон ч улмаар шүүхээс 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун тухайн үед мэдээлэл хийхдээ "Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд бусдаар гадаадын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, улмаар их хэмжээний бооцооны мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэний биед нь халдан зодож, зорчих эрхийг нь хязгаарлан заналхийлсэн зэрэг гэмт хэргүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг", Тээвэр хөгжлийн банк болон иргэдийн орон байр зэрэг нийт 10 обьектод нэгжлэгээр 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал болон гадаад валют зэргийг хураан авсан" гэж мэдээлж байв.
Тэгвэл ЦЕГ-ын ХМТ-ийн цахим хуудаст өчигдөр "Эрүүгийн цагдаагийн албанаас "Нэр бүхий этгээдүүд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б, Ч нарт мөрийтэй тоглоомын сайтад мөнгө өгч тоглуулан улмаар мөнгөө алдсан гэх шалтгаанаар Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг нь хязгаарлаж, бие махбодид нь хүч хэрэглэн, хүнийг хууль бусаар хорих зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулан Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн" гэжээ.