Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Баасандорж: БИ 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД НЭГ Ч ӨДӨР АМАРЧ БАЙГААГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 27 секунд

Талбайн баруун урд, Төв шуудангийн өмнө ном худалдаалдаг “дээлтэй ах”-ыг мэдэхгүй хүн нийслэлд ховор биз ээ. Жанжин малгай, монгол дээлтэй түүний төрх сэтгэлд дотно, дулаан...

Утсаар холбогдоход, бидний ярилцлага хийх саналыг уриалгахнаар хүлээн авсан тул бид сувилал дээр товлосон цагтаа очив. Сувилалд хэвтээд удаагүй байгаа хэдий ч эмч, сувилагч, үйлчлүүлэгч бүгдтэй хэзээний танилууд шиг элгэмсэг, найрсаг хандаж байлаа.

“Д.Намдаг гуайг анх жүжгээ тавих гэж байхад хажууд нь хоёр Нацагдорж байсан нэг нь их зохиолч Дашдоржийн Нацагдорж, харин нөгөө нь миний аав Нацагдорж. Аав минь Намдаг гуайн жүжгийн тайзыг засаж байлаа” гэх сонирхолтой яриагаар бидний яриа эхэлсэн билээ. Ингээд та бүхэнд Нацагдоржийн Баасандорж гэх эрхэм хүмүүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

- НОМ ЗАРЖ ЭХЭЛСЭН ҮЕ БОЛ АМЬДРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ БАЙСАН -

-Та хэзээнээс ном худалдаж эхлэсэн бэ?

-Би 1989 оноос Сүхбаатарын талбайн баруун урд, Төв шуудангийн хажууд номын худалдаа хийж эхэлсэн. Өнгөрсөн жил 30 жилийн ойгоо тэмдэглээд тэтгэвэртээ гарлаа. Машины чимээнд баруун чих хатуурч, нүд нарийн тоосноос болж бага зэрэг муудаад ном худалдаалахаа больсон доо.

-Зах зээлийн нийгэмд шилжиж байсан үед заавал яагаад ном худалдах болсон бэ? Хойшоо урагшаа ганзагын наймаанд явах бодол байгаагүй юу?

-Хойд хөрш рүү ганзагын наймаанд явж болох л байсан байх л даа. Би хилчин байсан хүн. Хил давна гэдэг тийм амар биш. Хамгийн наад зах нь хэл мэддэг байх ёстой. Мөн хоёр улсын хооронд зорчихдоо юу хийх ёстой, юу хийж болохгүйг мэдэх хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт тухайн үед хүмүүс огцом ядуу амьдрал руу орсон. Мянга гаруй төгрөгийн цалинтай байсан би л гэхэд гэнэтхэн хэвтэрт ороод 70 төгрөгийн цалин авдаг болсон. Юу хийж болох талаар судалж үзэхэд  хэвтрээс дөнгөж боссон бие муутай, мөнгө багатай хүнд ном зарах л боломжтой байлаа. Аав, ээжийн минь цуглуулж өгсөн болоод ажил хийж эхлээд цалин буух бүрт 3-4 ном авдаг байсан тэр номнуудаа зарж эхэлсэн. Хууль судлаад үзэхэд “Нэн эртний болоод эрдэнэсийн зүйлээр бүтсэн номыг зарахыг хориглоно” гэсэн заалттай. Тэгэхээр үүнээс бусад төрлийн бүх номыг борлуулах боломжтой.

-Хилчин байсан гэлээ?

-Өмнөговь аймгийн отрядад гурван жилийн цэргийн алба хаасан. Тэр үеийн залууст цэрэг, эх оронч үзлийг маш сайн суулгаж өгсөн гэж боддог. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй иргэдийг бэлдэж байсан даа.

-Ном зарж эхлэхдээ хайрлаж, харамсах сэтгэл төрсөн үү? Номын хорхойтой ихэнх хүмүүс тийм зоригтойгоор хайртай зохиолуудаа зарахгүй болов уу гэж бодож байна.

-Ном зарж эхэлсэн үе бол амьдрахын төлөөх тэмцэл байсан. Хүнд муу зүйл хийхгүй. Худлаа хэлж, хулгай хийхгүйгээр үнэн зөвөөр хоолоо олж идэх гэсэн тэмцэл. Дараагаар нь аймаг сумдаар явж ном авсан. Тэр үед БНХАУ-руу маш бага хэмжээний мөнгөөр олон тооны ном гаргадаг байлаа. Түүнээс арай өндөр үнээр аваад хуучин номтойгоо сэлгээд борлуулдаг болсон .

-Шантрах үе байсан уу?

- Шантрах үе байгаагүй. Огт байгаагүй. Ном зарж байгаад эхнэртэйгээ уулзлаа, үр хүүхэдтэй боллоо. Нэг л өдөр ном зарахгүй өнжчихвөл хүүхдүүд минь өлсчих вий, даарчих вий цангачих вий гэж бодогдоод гэртээ сууж чаддаггүй. Ер нь 30 жилийн хугацаанд нэг өдөр амарч байгаагүй шүү. Одоо л жаргалыг эдэлж байна. Би дөчөөд жил тариа хийлгээгүй хүн. Ямар сайндаа л энэ сувилалд ирээд эхний өдөр тариа хийлгэхдээ хүүхэд шиг уйлж байхав дээ. Хэдэн сувиалагч хүүхдүүдийг гайхшруулсан шүү.

-Ном зарж байгаад эхнэртэйгээ танилцсан гэж байна. Түүхээсээ хуваалцвал?

- Бид хоёр 1991 онд танилцсан. Миний эхнэр Анагаах Ухааны Сургуульд элсэх шалгалт өгөөд тэнцээгүй, уначихсан. Шалгалтад бэлдэж байсан номнуудаа надад авчирч өгч заруулж байгаа, би зарж өгч байгаа нэртэй. Тэгсээр байгаад дотноссон доо. Ирэх бүрт нь тав арван төгрөг өгсөөр байгаад танилцчихсан. Одоо бид хоёр дөрвөн хүүхдийн аав ээж болоод хүүхдүүд минь өсөж томроод сайн сайхан явж байна.

- СУРАХ БИЧИГ БОЛОН АЛААН ХЯДААНТАЙ, БУСАРМАГ ҮЙЛ ЯВДАЛТАЙ НОМЫГ ОГТХОН Ч ЗАРДАГГҮЙ -

-Та бүх төрлийн ном зардаг уу?

- Сурах бичиг болон алаан хядаантай, бусармаг үйл явдалтай номыг огтхон ч зардаггүй. Хүмүүс их гайхдаг байлаа. Мөн сүүлийн үеийн номын анхны хэвлэлийг л зардаг. Зохиолын анхны хэвлэл дээрээ зохиолч маань сайтар хянаж гаргадаг бол дараагийнхаас мөнгийг нь өгч гаргуулдаг. Тэр хүмүүс нь сэтгэлгүй ханддагаас болоод зохиолын чанарт нөлөөлдөг.

-30 жил яг нэг газартаа, ганц ч өдөр өнжихгүй ном зарахад уншигчид хэрхэн өөрчлөгдөж байсан бэ?

- 1989 оноос 1997 он хүртэл уншигчид агуу байсан. Хүмүүс ардчилал гэдэг хийрхэлд бүрэн гүйцэд автаагүй, картын системд байсан ч шударгаар хөдөлмөрлөдөг. Номыг чанартай, нухацтай, ойлгож уншдаг, хоорондоо ярилцаж мэтгэлцдэг байсан үе.

1998-2008 он хүртэлх хугацааг бусармаг үе гэж хэлнэ. Янз бүрийн бусармаг зохиолууд их гарч байсан. Бидний шүтдэг биширдэг байсан зохиолчид алаан хядаан, биеэ үнэлэлтийн талаар зохиол бичиж байв. “Манан будан”, “Зүрхний хилэн” зэрэг гайхамшигт түүхэн зохиолуудыг нарийн судалгаатай бичиж байсан зохиолч маань хүртэл элдэв дээдийн зохиол гаргаж байлаа. Эвдрээгүй ганц зохиолч нь Л.Түдэв агсан л байсан. Бусад нь бүгд эвдэрсэн.

2010 аад оноос хойш хүүхэд залуучууд маань түүх сонирхож эхэлсэн. Одоог хүртэл эх түүхээ сонирхож байна. Үүгээр нь далимдуулаад түүхийг гуйвуулсан ном ихээр гарч байгаа. Бүрэн гүйцэт гуйвуулаагүй ч гэсэн хэт өрөөсгөл тал руу мушгисан зохиолууд бол “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” зэрэг. Гэсэн хэдий ч хүмүүс хошуураад л байна. Орчуулгийн зохиолууд мөн их гарах боллоо. Үүнээс цөөн хэдэн орчуулагчид монгол хэлний найруулгаар утга төгс орчуулж байна.

-Таны хувьд ном гэж яг юу вэ?

- М.Горькийн хэлснээр ертөнцийг харах цонх юм уу даа. Би дөнгөж дөрөвдүгээр ангийн боловсролтой. Олон хүүхэдтэй айлын ганц хөдөлгөөнтэй нь байсан учраас эцгийгээ өөд болсны дараа ээждээ нэмэр болохын тулд малчин, тракторчин, комбайнчин гээд олон ажил хийж байлаа. Тэр хооронд би номтой л нөхөрлөж байсан. Миний амьдралыг номын хуудас шиг ухаад үзэх юм бол гэм зэм хийсэн зүйл цөөхөн байх болов уу гэж боддог. Энэ юуны ач тус вэ гэвэл ном уншиж, эерэг эсрэг баатруудыг маш их бодож байсных. Эсрэг талын баатрыг эерэг болгох гэж үзэж байсан удаа зөндөө  бий. Тэд юун дээр алдаад ийм болов гэдгийг ч бодсоор өдийг хүрчээ.

Хамгийн хайртай зохиолч бол Лодонгийн Түдэв гуай. “Хорвоогийн хачирхалтай учрал” тоосго шиг зузаан саарал номд их хайртай байсан. С. Эрдэнэ, Д. Гармаа, С. Пүрэв, Ч.Лодойдамба зэрэг зохиолчид хэл, соёл, түүхийг бүхэлд нь бичдэг байв.

- ХҮҮГИЙНХЭЭ САЙХАН ТҮҮХИЙГ АВРАХЫН ТУЛД ӨӨРИЙН ЦУГЛУУЛГЫН 1400 ШИРХЭГ УРАН ЗОХИОЛЫН НОМОО ЗАРСАН -

-Гэртээ номын сантай юу? Борлуулахгүйгээр хадгалдаг ном бий юу?

-Хүн хөгширсөн ч гэсэн томоождоггүй гэдгийн үлгэр болоод байж байна. Эхнэртэйгээ ханилснаас хойш нутагтаа очоогүй байж байгаад энэ жил төрсөн нутгаа үзүүлэхээр явсан юм. Машинаа усанд оруулаад моторыг нь гацаачихсан. Эргэж ирээд дан уран зохиолын 1400 ширхэг номоо пэйсбүүкээр зарав аа. Сайхан сайхан ном байсан байсан одоо их цөөхөн үлдсэн. Ер нь бол 1939 оноос  хойших хэвлэгдсэн бүх ий л зохиолууд байлаа.

-Машинаа засуулах мөнгө олохын тулд номоо энэ их хэмжээгээр нь худалдсан гэсэн үг үү?

- Машинаа яагаад аврах гээд байсан юм бэ гэвэл миний том хүү цэрэгт нэг жил яваад залгуулаад хилийн цэрэгт гэрээт хоёр жилийн алба хаасан. Тэр хоёр жилийн цалингаараа таван саяар нь тэр машиныг ээждээ авч өгсөн юм. Миний хүү өөрийн биеийг улс эх орондоо үнэлсэн үнэлгээ, түүх. Тийм учраас хүүгийнхээ сайхан түүхийг аврахын тулд өөрийн цуглуулгын 1400 ширхэг уран зохиолын номоо зарсан.

Худалдаа хөгжлийн банктай гурван жилийн гэрээ хийсэн. “Амьдрах сайхан” буюу ном унших хүний амьдралд ямар ач тустай вэ гэдэг сэдвийн хүрээнд ЕБС-уудад лекц унших зорилготой. Тэднийхэн мөн надад тусласан. Таван саяар авсан машинаа  дахиад л таван сая төгрөгөөр засаж ирсэн дээ.

-Хийсэн гэрээнийхээ дагуу сургуулиудаар лекц уншсан уу?

- Хэд хоногийн өмнө надаас аль сургуулиас эхлэх вэ гэж асуусан. Би Яармагийн 62-р сургуулийг гэж хэлээд байгаа. Тэр хүүхдүүдийг яагаад онцолж байгаа вэ гэвэл 5-6 жилийн өмнө ханиад томууны үед ямар ургамал ашигладаг талаар ардын эмчилгээний лекц уншиж байсан юм. Их сайхан хүлээж авч, миний яриаг анхааралтай сонссон. Дараа нь хаа нэгтээ таарахад “Багш аа миний гэдэс өвдөөд таны заасан аргаар эмийн ургамал найруулж ууж байгаа” гэсээр шилэн саванд ургамал хандалчихсан явж байсан.

-Энэ хүргээд яриагаа өндөрлөе. Залуус дүү нартаа хандаж хэлэх үг байвал хуваалцаач?

- Настан буурлуудынхаа үгийг сайн сонсож, тэднийгээ хүндэлж байгаарай. Мөн ном уншиж, сайн муу талуудыг нь ухаарч ойлгож, хоорондоо ярилцаж, хэлэлцэж хэвшээрэй. Номонд бүх амьдрал байдаг юм шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Д. Цэрэнчимэг

Ц.Элбэгдорж: Язгуур эрхээ эдэлье, Монгол хүн монголоороо байя
Ц.Элбэгдорж: Язгуур эрхээ эдэлье, Монгол хүн монголоороо байя
 
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.