Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол эхэллээ. Тодруулбал, өнөөдөр Эмийн хүртээмжийн асуудлаар хэлэлцэх бөгөөд Монгол Улс дахь эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг хянан шалгах юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: Хянан шалгах хорооны бүрэлдэхүүнд байгаа нийт 11 шинжээчид 1164 албан тушаалтан, 6200 нотлох баримт, 153 мянган цаасан нотлох баримт, 85 мянган ширхэг цахим файл цуглуулж нотлох баримтад үндэслэсэн шинжилгээ судалгаа, дүгнэлтийг гаргасан байна. Давхардсан тоогоор 150 гаруй гэрч сонсголд дуудагдахаар байна. Эхний ээлжид нийт 7 гэрч дуудагдаж мэдүүлэг өгөх ёстой.