“Цахим орчинд улсын эмнэлэгт цаг авсан иргэд тухайн цагтаа очоогүй бол 20 мянган төгрөгөөр торгоно” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас тодруулга мэдээлэл авлаа. Тодруулбал,
"ЭМДҮЗ-ийн тогтоолын өөрчлөлт 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тогтоолын өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхээр цаг захиалсан ч очихгүй бол дараагийн удаа тухайн эмнэлэгт үзүүлэхдээ 20 мянган төгрөг төлнө гэх зохицуулалт орсон. Энэ нь торгууль гэхээсээ илүүтэй иргэдийг хариуцлагажуулах зорилготой.
Учир нь эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн судалгаагаар цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь ирж үзүүлдэггүй байна. Эрүүл мэндийн байгууллагад үзлэгийн цаг захиална гэдэг нь ганцхан тухайн иргэнтэй холбоотой асуудал биш бөгөөд үүний ард тухайн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа цаашлаад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай иргэдэд ч чирэгдэл үүсгэж байгаа юм.
Мөн тухайн иргэн эмнэлэгт үзүүлэх цагтаа очиж тусламж, үйлчилгээгээ авдаг бол давтан үзүүлэхдээ 20 мянган төгрөг төлөх шаардлагагүй. Тиймээс энэ нь торгууль гэхээсээ илүүтэй иргэний хариуцлагатай холбоотой юм. Бас энэ нь зөвхөн тухайн эмнэлэгт хамаарна.
Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагаас үзлэгийн цаг захиалсан иргэнтэй эргэх холбоотой ажиллах буюу цаг авсан иргэн рүү холбогдож, үзлэгтээ ирэх боломжтой эсэхийг тодруулж, цагаа цуцлах боломжит нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Эрүүл мэндийн байгууллагаас иргэнийг цагтаа ирэх боломжтой эсэхийг лавлаж асуусан хэдий ч цагтаа очоогүй тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллага дараагийн удаа тухайн иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ 20 мянган төгрөг авна. Ингэхдээ иргэнээс 20 мянган төгрөгөө ямар бүртгэлээр, яаж авах зохицуулалтаа эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хийнэ. Эрүүл мэндийн даатгалаас тухайн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг 100 хувь бүрэн олгох бөгөөд ямар нэгэн хасалт хийхгүй" гэлээ.