Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо:
-С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсож, суллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулахад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулсан. Жилийн өмнө эдгээр иргэдийг яллагдагчаар татсан прокурорын тогтоол хүчингүй болсон. Үүнээс хойш Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар зөрчигдсөн эрхээ сэргээх хүсэлт тавьсан. Харамсалтай нь нөхөн төлбөр авахтай холбоотой ажил удаашралтай байна.
Тиймээс Засгийн газраас тусгайлсан ажлын хэсэг байгууллаа.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн, эрүү шүүлт тулгаж хүнлэг бус хэрцгий хандаж нэр төрийг нь гутаасан гэх зэргээр Үндсэн хуульд заасан эрхийг нь зөрчсөн. НҮБ-ын хүний эрхийн хороо болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг дэд хороотой хамтран ажиллахаар төлөвлөж байна. Ажлын хэсэг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай биечилсэн уулзалт хийнэ.
Бидэнд байгаа мэдээллээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Одоогоор сэжигтэн гэж үзэхгүй. Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь Засгийн газрын үндсэн үүрэг.
Улс төрийн зорилгоор иргэдийг хохироохгүй, эрүүдэн шүүхгүй байхыг баталгаажуулах шаардлагатай.
-----------------
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-МАН сонгууль бүрийн өмнө С.Зориг агсаны хэргийг сөхдөг "шоу" болгочихлоо. Өнгөрсөн хугацаанд МАН энэ хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Энэ асуудал дээр тайлбар өгөөч.
-Цагдаа дээр ажлын хэсэг гарсан. Хэрэг бүртгэлттэй холбоотой мэдээллийг Засгийн газраас өгөх боломжгүй. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь эрх нь зөрчигдсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээж, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгоход дэмжлэг үзүүлэх. Хэрэг хянан шийвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаа холбогдох хуулийн дагуу үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулаад Засгийн газрын зүгээс болон ХЗДХ-ийн дэд сайд миний бие тодорхой тайлбар өгөх боломжгүй.