УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг таван хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Маргааш буву энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Тодруулж хэлбэл, Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга шуурч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ. 13-нд Завхан, Архангай, Булганы нутгаар, 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурга шуурч, аюултай үзэгдэл болон нөхцөл байдал ажиглагдаж байна.
Салхины хувьд, алтайн уулархаг нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, шороон шуурга шуурна. Агаарын температур Энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаарна. 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар өнөө, маргаашийн энэ температураас 10-15 градусаар хүйтрэх төлөвтэй байна" гэлээ.