Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, шав тавих ёслолд оролцлоо. Улсын төсвийн 46.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тавих уг зам нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн 89.13 км хатуу хучилттай автозамын ажлын нэг хэсэг нь юм.
Замын бүтээн байгуулалтын ажлыг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд энэ жил Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлэн 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Шав тавих ёслолын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнгөрсөн дөрвөн жилд Баян-Өлгий аймагт 580 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсын Их Хурлаас 253 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөгтэй 59 арга хэмжээг 2024 онд Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр баталсан. Үүний нэг нь энэхүү автозамын бүтээн байгуулалтын ажил юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баян-Өлгий аймагт Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн зам баригдсанаар аялал жуулчлал хөгжинө. Түүнийг дагаад сум орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэж амьдралын баталгаа сайжрах боломж бүрдэж байна" хэмээн онцлов.
Харин Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият "Энэ замын ажил нь Баян-Өлгий аймаг төдийгүй Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц бүтээн байгуулалт юм. Энэ зам баригдсанаар Даянгийн боомт, мөн Сыргаль, Хотон, Хурган нуурын чиглэлд гадаад, дотоодын жуулчид саадгүй зорчдог болох юм" хэмээлээ.
Мөн өдөр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 22.79 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Өлгий сумыг тойрон гарах 18.82 км зам, 201.08 метр урт бетон гүүрийн ажил дуусаж, ашиглалтад хүлээн авлаа.