Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Казах түмний “НАУРЫЗ-Нарны баяр“ тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 40 секунд

Монгол түмний нэгээхэн хэсэг казах үндэстний Наурызын баяр гуравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд тохиодог билээ. Наурыз буюу Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой юм.

Сонирхуулахад нийт каках түмний 76,5 хувь нь Баян-Өлгий аймагт, 9,8 хувь нь Улаанбаатарт, 8,4 хувь нь Ховд аймагт 2,1 хувь нь Дархан-Уул аймагт амьдран суурьшиж байна.

Хамгийн түгээмэл Казах нэр:

  • Амина
  • Айнур
  • Айдана
  • Айзере
  • Аружан гэх 5 нэр хамгийн түгээмэл байна.

Монголчууд цагаан сараар бууз банш иддэг бол Казахууд шөл уудаг

Казахуудын хувьд долоогийн тоо чухал бөгөөд баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол унд байх учиртай. Шөл нь мах, гурил, өөх тос, үр тарианы төрөл, давс, сонгино, ус гэх мэт долоон төрлийн хүнсээр амтлагдсан байх ба энэ нь амьдралын долоон өнгө болох баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлдэг байна. Энэ баярын үеэр архи дарс огт хэрэглэдэггүй бөгөөд исламын ёслолд архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үздэг байна.

Баяраар аль болох олон айлд шөл уух тусам сайн хэмээн үзнэ. Ирсэн зочдод гэрийн ахмад хүнээр ерөөл хэлүүлэх ба сонсож буй хүмүүс алгаа хавсран нүүр рүүгээ харуулна. Ерөөл дууссаны дараа “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай “амин” гэж хэлээд хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.

Наурызын баярын тухай сонирхолтой баримтууд

  • Гуравдугаар сарын 22 бол Исламын шашинтай орнуудын хувьд “Шинэ жил”-ийн баяр гэсэн үг.
  • Наурыз нь Перс гаралтай үг. Нау-шинэ, Руз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн үг ажээ. Анх МЭ II зууны үед энэ үг тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
  • Казах хэлэнд гуравдугаар сарыг мөн Наурыз гэж нэрлэдэг байна
  • Наурызын баяр тэмдэглэхийг Монголд 1926 оноос хориглож байжээ. Гэхдээ Казах түмэн 1940 он хүртэл тэмдэглэж байсан аж. Хожим нийгэм чөлөөтэй болж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм.
  • Энэ өдөр Казахчууд ахан дүүс, айл хотлоороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, хөөрөн баясаж өнгөрүүлдэг.
  • Дэлхий дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
  • Наурызын баярын хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг ажээ.
  • Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм.
  • НҮБ-ийн Ерөнхий Ассабмлей 2011 оны гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр хэмээн бүртгэжээ.
  • Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж.
  • Баярын өдөр болохоос өмнө эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг.
  • Наурызын баяраар архи хэрэглэдэггүй ёстой. Учир нь Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болдоггүй гэж үздэг юм.
  • Гуравдугаар сарын 21-ний шөнийг Казахчууд “Кызырын шөнө” гэдэг. Учир нь өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хэсч аз жаргал, буян хишгээ хайрладаг гэж үздэг аж.

ТОДРУУЛГА: Метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт Монгол компани шалгараагүй.  Шалгаруулах үйл явц үргэлжилж байна
ТОДРУУЛГА: Метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт Монгол компани шалгараагүй. Шалгаруулах үйл явц үргэлжилж байна
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.