Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Авто замын ашиглалтын хэлтсийн дарга Э.Батсүхээс даацтай холбоотой асуудлаар тодрууллаа.
-Зам, тээврийн хөгжлийн төв өчигдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг хориглох шийдвэр гарсан. Газар гэсэж байгаа энэ үед даац хэтрүүлэн тээвэр хийх нь ямар хор уршигтай вэ?
-Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг.Энэ үед даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд их хэмжээгээр нэмэгддэг. Мөн даваа гүвээтэй газруудын уруудах хэсэгт даац хэтэрсэн тээврийн хэрэгслийн тоормозны үйлчлэлээс болж хучилтад дугуй мөрний ховил үүсэж, хөвөө нь эвдэрдэг. Эвдрэл гэмтлээс үүдэж, иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломжгүй болж , осол гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдрэх аюултай. Ер нь авто замын эвдрэл, гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг. Мөн авто замын чанар, насжилтаас ч мөн шалтгаална. Иймд дээрх хугацаанд аж ахуйн нэгж, тээвэрчид хариуцлагатай, ухамсартай хандаж, даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байх нь нэн чухал байна.
Тээвэрлэлт хийх зөвшөөрөгдсөн дээд хэмжээ хэд байдаг вэ?
-Автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байдаг. Дээрх хугацаанд стандарт зөрчиж, тээвэрлэлт хийж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө барагдуулна.
Дэлгэрэнгүйг: https://rtdc.gov.mn/p/4572