Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс Бүгд Найрамдах Куба улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хоёр гэрээнд гарын үсэг зурлаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 25 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Куба Улс (БНКУ)-д ажлын айлчлал хийж байна. Энэхүү ажлын айлчлалаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон БНКУ-ын Хууль зүйн сайд Оскар Мануэл Силвера Мартениз нар “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа.

“Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээ”-г байгуулснаар хоёр улс иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааны хүрээнд шүүхийн баримт бичиг гардуулах, нотлох баримт бүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх гэх мэтчилэн ажиллагааг өөрсдийн нутаг дэвсгэрт гүйцэлдүүлэх боломж бүрдэж байна. Хоёр улс 1989 онд байгуулж байсан иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээг Монгол, Куба Улсын орчин үеийн эрх зүйн зохицуулалт, практиктай уялдуулан шинэчлэн байгуулах асуудлыг 2021 онд ярилцан, шийдвэрлэсэн.

Энэ дагуу хоёр тал “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээг ийнхүү байгуулж буй юм. Уг гэрээг байгуулснаар хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг ил тод, шуурхай шийдвэрлэнэ. Тодруулбал, нотлох баримтыг албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх мэтчилэн тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой боллоо. Энэхүү хоёр гэрээ нь тус бүр 20 зүйлтэй бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, туслалцаа үзүүлэх хүсэлт гаргах, биелүүлэх журам, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг багтаасан байна. Монгол Улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр 23 улстай байгуулсан нийт 36 хоёр талт олон улсын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна.

Айлчлалын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНКУ-ын Дотоод хэргийн сайд Лазаро Альберто Алварез Казастай уулзлаа. Энэ үеэр БНКУ-ын хууль зүй болон дотоод хэргийн салбарын алба хаагчдын төлөөлөл Монгол Улстай төрийн үйлчилгээний цахимжилт, салбарын бусад хамтын ажиллагааны асуудлаар туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр улс хоорондын “Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ”, мөн “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Айлаас гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Айлаас гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.