Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав.
Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн гаргав.
Хуралдаанд оролцсон найман гишүүний олонх буюу 87.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдаж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо.