Дорнод аймаг, Гурванзагал сумын Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар 43 настай эрэгтэй хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгасан байна. Улмаар 43 настай эрэгтэй Б нь ганцаараа автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай 43 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км газраас цогцсыг нь олсон байна.