Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал,
Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.
Энэ үеэр ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан "Энэ онд Хан-Уул дүүргийн хэмжээнд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх, улсын сургуульгүй 3, 17, 23 дугаар хороонд тус бүр 480-960 хүүхдийн суудалтай сургууль байгуулах, авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх, Яармаг орчмын хотхонуудын зэвтэй усны шугамыг шинэчилж, 11, 22 дугаар хорооны хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд яаралтай холбох шаардлагатай байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, авто замын сүлжээг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ" хэмээн онцоллоо.