Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Сүхбаатар аймгийн бүх сумд МӨСӨН ЗУД нүүрлэсэн бол Дорноговь аймагт 176.6 мянган мал хорогджээ. Төв аймаг нөөцөлсөн өвс, тэжээлийнхээ 90 хувийг зарцуулаад байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 13 секунд

Нийт 20 аймгийн 190 гаруй сумд хаваржилт хүндэрсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллах үеэрээ мэдэгдсэн. Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Сүхбаатар аймгийн ХААГ-ын дарга Т.Ган-Очир нартай утсаар холбогдож, тодрууллаа.

Д.Мөнхбаатар: Нийт өвс, тэжээлийн 80-90 хувийг зарцуулаад байна

-Өнөөдрийн байдлаар Төв аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ. Та мэдээлэл өгөөч?

-Аймгийн хэмжээнд 4.9 сая толгой мал өвөлжиж байгаа. 27 сумын 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Нөхцөл байдал амаргүй л байна. Аймаг, сумын болон УОК-оос арга хэмжээ аваад, ажлын хэсгүүд ажиллаж байна.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд улс орон даяар амаргүй байлаа. Хамгийн сүүлийн мэдээгээр танай аймгийн хэмжээнд хэчнээн мал хорогдоод байгаа вэ. Өвс, тэжээлийн нөөц хэр байна вэ?

-Сум, аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөө намар бүрдүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нийт нөөцийнхөө 80-90 хувийг зарцуулаад байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд нөөцөө нөхөж бүрдүүлж буй. Малын хорогдлын тухайд 100 гаруй мянган толгой мал хорогдоод байна.

Г.Март: 3952 малчин өрх 55.3 тэрбум төгрөгийн малчны зээлтэй

Үргэлжлүүлэн, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Мартаас тодруулахад “Манай аймаг нийт 14 сумтай. Мал тооллогоор 2.3 сая толгой мал тоолуулсан. Хоёрдугаар сарын 19-ний байдлаар 176.6 мянга буюу нийт малын 7.7 хувь нь хорогдчихоод байна. Дорноговь аймаг 65 багтай бөгөөд хорогдсон болон тоолуулсан малынхаа тоог баг тус бүрээр нь нарийн тооцоолж байж, тусламжийн барааг хуваарилж байгаа.

Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт сумд нөхцөл байдал хүндрээд байна. Эдгээр сум руу тусламжийн бараануудаа илгээсэн. Мөн түүнчлэн, УОК-ын тэмдэглэл, тогтоолууд ирсний дагуу тодорхой үүрэг даалгавруудыг өгч ажиллаж буй. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг нэн хүнд байгаа 74 айлд өвс, тэжээл, хүнсний багц, шатахуун олгохоор гараад байна. Үүнээс гадна манай аймаг 4618 малчин өрхтэй. Тэдгээрийн 85.6 хувь буюу 3952 нь малчны зээлтэй. Мөнгөн дүнд шилжүүлбэл, 55.3 тэрбум төгрөг гэсэн үг. Тиймээс Монголбанктай хамтарч, малчдыг санхүүгийн эрсдэлээс сэргийлэх тал дээр ажиллаж байна” гэлээ.

Т.Ган-Очир: Манай аймгийн 13 сум бүгд төмөр буюу МӨСӨН ЗУДТАЙ байна

Бид гурав дахь аймаг болох Дорноговь аймгийн Хөдөө, аж ахуйн газрын дарга Т.Ган-Очиртой холбогдож, тодрууллаа. Тэрбээр,

“Манай аймгийн 13 сум бүгдээрээ төмөр буюу мөсөн зудтай байна. Цасны зузаан 30-90 см, нягтаршил нь 0.3-0.4 см.куб байгаа. Энэ нь хатуурсан буюу мал бэлчих боломжгүй гэсэн үг. Мөн замууд хаалттай байгаагаас шалтгаалж, малчид хүнс болон өвс, тэжээлдээ явах боломжгүйд хүрээд байна. 2023 оны эцэст 3.8 сая толгой мал тоологдсон. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар 512 мянган толгой мал хорогдоод байна. УОК-оос Засгийн газрын тогтоолын дагуу хөнгөлөлттэй үнээр 197 тонн тэжээлийг сумдад олгосон. Харин одоо гурав дахь удаагийнх нь буюу 148 тонн тэжээл ачигдаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирээд байгаа” гэсэн юм.

Ковидын үед ашиглагдаж байсан эмийн хугацаа нь дууссан байхад агуулахад хадгалсан зөрчил илэрчээ
Ковидын үед ашиглагдаж байсан эмийн хугацаа нь дууссан байхад агуулахад хадгалсан зөрчил илэрчээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.