“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооноос Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах-д гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.
Монгол Улсын хэмжээнд онцгой байдлын үед хэрэглэх эрүүл мэндийн нөөцийн агуулах нь нэгдсэн бүртгэлийн системтэй болж чадаагүй, хүний нөөцийн дутагдалтайгаас гадна ковидын үед ашиглагдаж байсан зарим өндөр үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн ашиглах хугацаа нь дууссан байхад уг агуулахад хүргэгдсэн зэрэг алдаа дутагдал, зөрчил байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж, цаашид асуудал бүрийг холбогдох байгууллагад хүргүүлж, цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатайг сануулав.
Эмийн чанарын асуудлаарх Түр хорооны дарга Ж.Чинбүрэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ, хязгаарыг танилцуулсан. Мөн ирэх гуравдугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд тодорхой хяналт, шалгалтын ажил болоод, энд дурдагдсан асуудлуудыг шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсголоор тодруулах болно хэмээв.