Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг уурч Б.Цогтбаатар: Энэ долоо хоногт нийслэлд эрс хүйтэн байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
4 минут 56 секунд

Өнгөрсөн хоногуудад нийт нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цас орж, цасан шуурга шуурч улмаар хөдөө орон нутгийн замд халтиргаа, гулгаа үүсэж, зам даваа хаах зэрэг арга хэмжээг холбогдох байгууллагууд авсан. Тэгвэл энэ долоо хоногийн цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар Цаг уурч Б.Цогтбаатараас тодрууллаа.

-Өнгөрсөн хоногуудад нийт нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндхэн байлаа. Мөн эрс хүйтэрсэн шүү дээ. Тэгвэл энэ долоо хоногийн цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ даваа гаргаас эхлэн ихэнх нутгаар хүйтэн байна. Ялангуяа Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38 хэмээс -43 хэм хүртэл хүйтэрнэ. Өдөртөө -31 хэмээс -36 хэм хүртэл хүйтэн байна. Харин харьцангуй дулаахан байдаг говийн аймгуудын нутгаар мөн хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23 хэмээс -28 хэмийн хүйтэн, өдөртөө -16 хэмээс -21 хэм хүртэл хүйтэн байна.

Бусад хэсгээр шөнөдөө -31 хэмээс -36 хэм. Өдөртөө -18 хэмээс -23 хэм хүртэл хүйтэн байх төлөв ажиглагдаж байна.

-Тэгвэл нийслэл хотын хувьд цаг агаарын нөхцөл байдал ямар байх вэ?

-Улаанбаатар хотын хувьд өнөөдрөөс эхлэн өдөртөө -18 хэмээс -23 хэм хүртэл хүйтэн байна. Тиймээс энэ нь цаг агаарын хувьд эрс хүйтэн байна гэж ойлгож болно.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

УЦУОШГ-аас 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 2024 оны 02 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Тодруулбал,

Энэ 7 хоногт ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Энэ сарын 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -29...-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Мөн ирэх гурав болон дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя.

Гуравдугаар сард баруун аймгуудын нутгаас бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

Гуравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын баруун, Баянхогорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхогорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нийт нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Хамба лам Д.Жавзандорж малчдадаа хандив өгөхийг уриалж, хандивын аян эхлүүллээ
Хамба лам Д.Жавзандорж малчдадаа хандив өгөхийг уриалж, хандивын аян эхлүүллээ
 
МҮБХ: Допингийн зөрчлийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулна
МҮБХ: Допингийн зөрчлийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.