Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоол гаргасан.
Шагналыг 2024 оны хоёрдугаар сарын 2-9-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг өнөөдрийн хуралдаанаар баталсан билээ. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн малчдад шагналыг гардуулж байна. Тэрбээр,
"Төр нь малчдаа хүндэтгэн золгодог “Улсын аварга малчин” шагнал Говь-Алтай аймгаас эхэлж байна. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн эрдэнэт мал сүргээ таван төрөлд нь өсгөж, ашиг шимийг нь нэмэгдүүлж, Улсын аварга малчны болзол хангасан Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багийн малчин Д.Гүнчигт “Улсын аварга малчин”-ы шагналыг нь гардууллаа. Түүний хувьд эцгийнхээ үйл хэргийг гүйцээж “Улсын аварга малчин” хэмээх эрхэм алдарыг хүртсэндээ баяртай байгаагаа хэлж байна. Д.Гүнчиг аймгийн аварга малчин, алдарт уяач бол түүний ээж О.Энхсайхан аймгийн аварга саальчин, хөдөлмөрч гэр бүл юм. 19 жил мал маллаж буй залуу малчин Д.Гүнчигийн ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье" гэлээ.