"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр батлагдсан. Тэгвэл дээрх шинээр батлагдсан тогтоолын төслийг эсэргүүцэж ахмадууд "нүцгэн" хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр Иргэн Г.Хажидмаа:
" 2022 оны ногдол ашиг 116 мянган төгрөг өгнө гэнэ. Энэ мөнгөөр юу авч хүрэх юм бэ. Хоёр кг ааруул ч авч хүрэхгүй байна. Оны өмнө 580 мянган төгрөг тараах боломжтой гэж Засгийн газар ярьсан байсан. Гэтэл цагаан сар дөхөнгүүт 116 мянган төгрөг өгнө гэж хэлүүлж байна. Монгол Улсад олон нам байна. Улсынхаа төлөө зүтгэнэ гэж энэ намууд бий болсон. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ажил хийж боломжгүй хүмүүс дээр нэг ч нам ирж нэгдсэнгүй.
Иргэн баян бол төр баян гэдэг үндсэн дээр эдийн засгийн эрх чөлөөтэй болгохын төлөө 2022 оны аравдугаар сараас хойш шаардсан тэмцсэн. Монголын ард түмнийг эдийн засгийн эрх чөлөөтэй болгох дээр энэ намуудын аль нь ч бидэнтэй нэгдэж, ногдол ашгийг шаардахгүй байна. Тиймээс Цагаан сарын өмнө 580 мянган төгрөгийг ард түмэн өг гэж шаардаж байгаа. Баялагтаа эзэн болгох бидний хөдөлгөөн үргэлжлэх болно. Ганц "Эрдэнэс Тавантолгой"-гоос ногдол ашиг аваад зогсохгүй. Үүний дараа "Эрдэнэс Монгол" дээр байгаа алтан хувьцааг амь оруулахын төлөө тууштай тэмцэнэ. Иргэн бүр нэг алтан хувьцаатай гэдгээ мэдэж авах ёстой" гэв.