Автозамын хажууд байршуулсан “Зам тавьж өгөөд баруун эргэж болно” гэсэн тэмдгийн дагуу эргэсэн жолооч нарыг торгож байна гэх иргэдийн шүүмжлэл бий.
Уг асуудлын талаар ТЦА-ны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Ариунболд тайлбар мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр "Энэхүү мэдээлэх самбарыг 2016 онд тухайн үеийн Нийслэлийн авто замын газрын санаачилгаар Замын цагдаагийн газартай зөвшилцөж тодорхой байршилд байрлуулж байсан.
Өнөөдрийг хүртэл энэхүү самбарууд зарим уулзварууд дээр байрлаж байсан. Гэтэл нэг иргэн энэ самбарыг дагаснаас болж торгуулсан гэх асуудал яригдсан. Бид энэ талаар тодорхой мэдээллийг өгье. Тэгвэл энэхүү мэдээлэх самбар нь замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдана. Дүрэмд зааснаар тус самбар нь урьдчилан анхааруулах самбар тул заавал дагаж мөрдөх тэмдэг биш гэж заасан байгаа. Тийм учраас тухайн уулзвараар зорчиж байгаа жолооч замын тэмдэг гэж бодож заавал дагаж мөрдөх албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ иргэд үүнд эргэлзэж байгаа учир бид замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн дагуу мэдээлэх самбараар зохицуулах шаардлагагүй болсон уулзварууд дээр байршуулсан самбаруудыг өнөөдрөөс эхэлж буулгаж байна. Мөн энэхүү самбарын байршуулснаас хойш хэдэн жолоочид торгууль ногдуулсан байгааг судалж үзсэн. Одоогийн байдлаар торгууль авсан нэг ч хүн алга. Хэрэв арга хэмжээ авагдсан байвал ТЦА-нд хандаарай" гэжээ