Хүүхэд ахуй цагаасаа жүжигчин болно гэх мөрөөдлийг тээж, дэлгэцийн 100 гаруй уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлсөн нэгэн бүсгүйг UbnStory булангийнхаа шинэхэн зочноор урьж ярилцлаа. Тэрбээр дөрвөн сайхан үрийн ээж бөгөөд өнгөрөгч 2023 оны "Grand Awards" наадмаас Шилдэг туслах дүрийн жүжигчин хэмээх эрхэм шагналыг хүртсэн СТА, Жүжигчин Т.Лхагвадулам юм.
-Жүжигчин Т.Лхагвадуламаар ЮУ БАЙНА даа?
-Яг танай студи рүү орж ирж байхад танай машины лого миний нүдэнд их туссан юм. Юу байна гэсэн байсан. Нам тайван байна. Ажлаа хийгээд л, зураг авалтууддаа ороод л явж байна даа.
-Сүүлийн үед уран бүтээлийн олз омог арвин байна уу?
-Уран бүтээлийн олз омог арвин байна. Би 2002 онд Мюзик холл театр кино хөгжмийн дээд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдэлд ажиллаж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тэгээд 7 жил ажилласны дараа чөлөөт уран бүтээлчээр ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш урлагаа орхихгүй нэгэн хэмнэлээр ажиллаад явж байна.
Яг сүүлийн үеийн уран бүтээл гэвэл өнгөрсөн жилүүдэд зураг авалт нь дуусаад энэ онд нээлтээ хийх гэж байгаа 8 уран бүтээл байна. Одоогоор 2 киноны санал, 1 контентийн санал ирчихсэн байж байна.
-Ахандүүс уран сайхны киноны төгсгөлийн ангиудад та Мундарын дүрээр үзэгчдэд дахин нэг гэнэтийн бэлэг тэр дундаа шинэхэн стресс нэмж орж ирсэн шүү дээ. Энэ дүрийн талаар яриагаа үргэлжлүүлье?
-Туг пикчерс анхны уран бүтээлээ хийх гэж байна, өөрт тань тохирох нэг дүр байна. Зураг авалт нь 8 сард эхэлнэ гээд Даймаа найруулагч надтай холбогдсон. Гэтэл би түүнийг нь мартчихсан байж байгаад хөдөө явах болтол гэнэт нөгөө киногоо санаад найруулагч руугаа холбогдтол, "Киноныхоо зураг авах хэвээрээ шүү. Эргээд залгана шүү" гэдэг юм байна. Тэгээд очоод киноныхоо зохиолтой танилцаад, найруулагчаараа утгыг нь яриултал "Нэг Мундар гэдэг эмэгтэй гарч ирээд эдний гэр бүлийг самраад" гээд ярилаа. Гэтэл түүнд нь би өөрөө гайхаж хүлээж авсан. Тэгээд яг зохиолоо унштал үнэхээр л эвгүй дүр байсан байна лээ. Хүмүүст ч гэсэн хоёр талаар хүрсэн байх.
-Хүмүүсийн сөрөг хандлага хэрхэн мэдрэгдэв?
-Саяхан нэг байрны гадаа хүүхдүүд тоглож байсан юм. Гэтэл намайг хараад жүжигчин аниа байна зургаа авхуулъя гээд гүйгээд ирцгээлээ. Тэгсэн чинь нэг хүүхэд ирээгүй байж. Найзууд нь түүнийг дуудаад зургаа авахуулахгүй юм уу гэтэл "Би наад Мундар авгайд чинь дургүй ээ" гээд яваад өгсөн. Тэгэхээр ихэнх нь л сөргөөр хүлээж авсан юм шиг байна лээ.
Мундар гэдэг нь шившиг гэсэн утгатай үг байсныг киноныхоо нээлтийн үеэр зохиолчоосоо сонссон
-Мундар гэдэг нэр ямар нэг утгатай байв уу?
-Би яг киноны нээлтийн үеэр зохиолчоосоо Мундар гэдэг үгний утгыг асуусан юм. Гэтэл "Мундар гэдэг нь шившиг" гэсэн утгатай юм гэнэ лээ. Тэгээд л кинон дээрээ шившгээ тарьсан даа.
Дээр нь зарим хүмүүс Мундар гэдэг үгний утгыг мэддэг юм билээ. Зарим сэтгэгдлүүд дээр "Мундар ч ёстой Мундараа тарилаа даа" гэсэн байсан юм. Тэгэхээр Мундар шившгээ тарилаа гэдэг л утгатай байсан юм билээ.
-Магадгүй зохиолч, найруулагчдын зүгээс Мундарын дүрээр хүмүүсийн хүн чанарыг харуулахыг зорьсон байх?
-Бэлэнчлэх сэтгэлгээтэй, боломжийг аль болох ашиглах гэсэн хүмүүс олон бий. Мундар гэх эмэгтэйн дүр бол насаараа ядуу, тарчиг амьдарчихсан, боломжийг ашиглах гэж хичээдэг, Хулганаа өвгөнийг өөд болохоор нь хашаа байшинд нь эзэн суух санаатай л байсан. Тэгээд киноны төгсгөл дээр мэхт мэхэндээ гэгчээр эргээд байсан байрандаа очсон.
Гэхдээ би дотроо дүрээ хамгаалаад бодож байхдаа, Мундарыг сайхан айлд очсон байгаасай гэж хүссэн дээ.
-Та фэйсбүүк дээрээ "Хулганаа ах гуай ёстой өөрөө санаа муутай байж ээ" гээд биччихсэн байсан шүү дээ?
-Хүмүүс кино гэдгийг нь мэдсээр байж яг бодитоор хүлээгээд авчихдаг юм шиг байгаа юм. Би өмнө нь мөн Даймаа найруулагчийн "Хавтаст хэрэг" гэдэг киноны нэг хэсэгт тоглосон юм. Тэр гэхдээ бодит явдлаас сэдэвлэсэн гэсэн. "Автобусан дотор нэг хүүхдийн мөнгийг хулгайлаад тэр хүүхэд маань автобусны буудлаа андуурч, хөдөөний зам дээр бууж төөрөөд, хээр өөд болчихдог" тийм агуулгатай кино байдаг юм. Тэгтэл хүмүүс намайг "Залилангийн хулгайч авгай, үйлээ эдэлнэ дээ" гээд л харааж байсан юм.
Тиймээс өөрийгөө бага ч гэсэн хамгаалж, энэ кино шүү гэдгийг ойлгуулахыг хүсэж бичсэн юм.
Би тийм ч олон удаа эсрэг дүрд тоглож байгаагүй. Өмнө нь ярьдаг байснаар эсрэг дүрийн жүжигчдийг чулуугаар нүүлгэж байсан гэдэг үнэн юм шиг байна лээ. Одоо намайг Мундар гэдэг нэрээр олон хүн дууддаг болсон байна.
Зарим нэг постны доор Мундараа тэгэхгүй шүү гээд л хүмүүс ороод ирж байгаа юм. Нөгөө Бумаа авгай, Исмэйл тайж гээд жүжигчдийг нэрлэдэг шиг намайг ч бас хэсэг хүмүүс Мундар авгай гэж дуудуулах юм шиг байна лээ.
-Нэгэнт уран бүтээлийн талаар яриа дэлгэсэн дээрээ хувийн уран бүтээлийх нь талаар мөн ярилцъя. Таны хувьд "Ганган хөвсгөр" группийн админ дээр нь "Ганган хөвсгөр" продакшныг байгуулсан шүү дээ. Хэд хэдэн контент бас хийгээд амжсан. Шинэхэн уран бүтээлээ эхэлж байна уу?
-Хөвсгөр, илүүдэл жинтэй жүжигчдээрээ нийлээд "Ганган хөвсгөр" продакшн байгуулсан. Одоо яг анхны бие даасан уран бүтээл рүүгээ орохоор ажиллаж байна. Маш их судалж байгаад нэг сэдвийг сонгосон. Одоогоор зохиол маань бараг л бэлэн болсон. Бэлтгэл ажилдаа шамдаж байна.
Манай киноны нэр их өвөрмөц. "Гэр бүлээс гадуурх харилцаанаас хохирч болзошгүй эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо" гэдэг нэртэй. Энэ сэдэв бол маш хүнд, эмгэнэлтэй сэдэв. Гэхдээ үүнийг хөнгөн хэлбэрээр үзүүлье, эмэгтэйчүүд бид юун дээр алдаж байна. Ямар учраас нөгөө эмэгтэй нь хань ижлийг маань татаад байгаа юм бэ зэрэг маш нарийн нандин асуудлуудыг аль болох эерэг талаас нь үзүүлэхээр хичээж байна. Бас кино маань зөвхөн эрчүүдийн буруу биш, эмэгтэйчүүд бидний ч гэсэн буруу бий. Энэ харилцааны хохирогч эрэгтэйчүүд ч байж болдог шүү гэдгийг харуулахыг хичээж, нийгмийн эмзэг сэдвийг барьж авч ажиллаж байна.
-Киноны зохиолчоор та өөрөө ажиллаж байна уу. Кино зохиол бичиж байгаа гэдэг шуум сонссон?
-Ерөнхий санааг нь би гаргасан. Гэхдээ бичихийн тулд маш их цаг хугацаа, уран фантаз хэрэгтэй юм билээ. Тиймээс н.Батбаатар, н.Урантамир, н.Бүжин гэдэг 3 дүүтэйгээ хамтраад зохиолоо бичсэн. Гэхдээ би өөрөө бичдэг төрлийн хүн биш, ярьдаг төрлийн хүн юм билээ.
-Хэзээ дэлгэцээр гарах вэ?
-Цагаан сарын дараа зургандаа гарахаар төлөвлөж байгаа. Анхны уран бүтээл учраас нэлээд хянамгай хандаж байна. Бас киногоороо хэн нэгнийг гомдоочих вий дээ гэдэг айдастай байна. Харин үнэхээр ийм зүйл байдаг юм байна, гарц гаргалгаа бас би юм байна гэдгийг л харуулахыг хүсэж байгаа. Манай улсад гэр бүлээс гадуурх харилцааг зохицуулдаг хууль байхгүй байна шүү дээ.
Шилдэг туслах дүрийн шагнал аваад "Одоо л эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж эхэлж байна даа" гэх бодол төрсөн
-"Grand Awards" наадмаас Шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн шүү дээ. Магадгүй өөрөөрөө бахархсан бас нэг сайхан мөч байсан байх?
-Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс жил бүр оны шилдгүүдийг шалгаруулах "Grand Awards" зохион байгуулдаг юм билээ. "Шилдэг туслах дүрийн жүжигчин" номинацид нэр дэвшээд, тэрхүү шагналыг хүртэхэд үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж эхэлж байна даа гэх бодол хамгийн түрүүнд төрсөн.
Хэрэв надад шилдэг гол дүрийн жүжигчин гэдэг шагнал өгье гэсэн бол би ичээд авч чадахгүй. Яг хийж буй ажлыг маань бодитоор үнэлж өгсөн тул үнэхээр сайхан байна. Би өнөөдрийг хүртэл 100 гаруй уран бүтээлд туслах дүр бүтээсэн жүжигчин хүн. Мэдээж алдаа оноо бий. Гэхдээ хийсэн ажлаа үнэлүүлнэ гэдэг нь хүнд маш том урам зориг өгдөг юм билээ. Энэ шагналыг авсан учраас дараа дараагийн уран бүтээлдээ илүү анхаарна. Урам зоригтой байна гэж бодож байгаа. Миний огт танихгүй хүн хүртэл надад зориулж пост оруулсан байсныг хараад маш сайхан мэдрэмж авсан.
Бага ангидаа жүжигчин болно гэж багшдаа хэлсэн тэр момент миний амьдралын чухал шийдвэрүүдийн нэг байсан
-Таны аав Дундговь аймгийн уугуул. Дундговийнхоныг дуутай, хууртай ард түмэн гэдэг дээ?
-Тийм шүү. Аав маань Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Сайхан дуулж, хуурддаг хүн байсан. Аав, ээж хоёр маань жүжигчний мэргэжлийг удам дамждаг гэж л боддог байсан юм шиг байна лээ. Намайг жүжигчин болно гэсэн чинь гайхаад л. Гэхдээ конкурс дээр хоёулаа ирж байсан юм.
-Жүжигчний мэргэжлээ гэв гэнэт л сонгосон гэсэн. Түүхээсээ хуваалцаач?
-2 билүү 3-р ангид ангийн багш маань хүүхдүүдээс мэргэжил сонголтын талаар асуусан юм. Гэтэл хөвгүүд ихэвчлэн жолооч, цагдаа гээд л охидууд эмч, багш гээд хариулж байлаа. Тэгээд яг над дээр ирсэн чинь би эмч гэж хэлэх үү багш гэж хэлэх үү гээд их юм бодоод. Яг энэ хоёрыг л хэлнэ гээд бодчихсон байсан юм.
Тэгээд л гэв гэнэт "За ер нь жүжигчин гээд хэлчихье гээд, Би том болоод жүжигчин болно" гэтэл манай ангийнхан бүгд гайхаад, инээлдээд, шоолоод л. Гэтэл манай багш намайг энэ жүжигчин болно гэсэн юм чинь гээд бүх л урлагийн тэмцээнүүдэд оролцуулдаг байсан юм. Тэгж л миний жүжигчин болох анхны гараа эхэлсэн юм шиг байна лээ. Тэгээд л би нөгөө нохойнд барьдаг мод гэдэг шиг бүх л урлаг соёлын уралдаанд ордог, сүүлдээ нүүр хагараад Хүүхдийн ордны драмын дугуйланд явж н.Саранхүү багшийнхаа удирдлага дор явдаг болсон.
Ёстой ганцхан удаа мэргэжлээ сонгож, тэгж хэлээд л тэр бодолдоо үнэнч явсаар байгаад жүжигчин болсон. Тэр хэсэгхэн хугацааны момент бол миний амьдралын чухал шийдвэрүүдийн нэг болсон. Дунд нь нэг ч удаа өөр мэргэжил бодож байгаагүй.
Нэг дурсамжтай түүхээ хуваалцъя. Би 5-р ангидаа хичээлээ таслаад. Гэтэл хоцрохоор шийтгээд хичээлд суулгадаггүй байсан шүү дээ. Тэгээд би нөгөө ангийнхаа Өөнөө гэдэг найзтай савлуур дээр тоглож байгаад "Өөнөө чи ямар мөрөөдөлтэй вэ" гээд асуусан гэсэн. Тэгтэл найз маань гайхаад "Мэдэхгүй" гэсэн байгаа юм. Тэгээд би "Чи одоо надаас миний мөрөөдлийг асуу" гээд асуутал "Би жүжигчин болох мөрөөдөлтэй" гээд хариулж гэнэ. Гэтэл нөгөө найз маань татаж унахаа шахаад бүр шоконд орсон гэсэн. "Энэ одоо ийм хар юм байж яаж аманд нь жүжигчин болно гэдэг үг багтаж байна аа" гээд гайхсан гэсэн.
Би ч тухайн үед хав хар царайтай гэхдээ өөртөө итгэлтэй, бадрангуй хүүхэд л байсан юм шиг байгаа юм.
Гэхдээ би өөрөө ч энийгээ санаагүй л дээ. Бараг 30 хүрснийхээ дараа бид 2 уулзаад Өөнөө маань надад энийг ярьж өгч, элгээ хөштөл инээлдэж билээ.
-Ингэхэд та яагаад "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдлээсээ гараад чөлөөт уран бүтээлч болох сонголтыг хийсэн юм бэ. Сургуулиа төгсөөд бараг 22 жил, чөлөөт уран бүтээлч болоод 10 гаруй жил болчихсон байна?
-Манай уран бүтээлийн нэгдэл 7 жил хамт ажилласан байсан. Сүүлдээ тарж бутраад, гишүүд маань ч цуглахаа болиод эхэлсэн. Тэгээд л хувийн уран бүтээлээ, өөрсдийнхөө зам мөрийг хөөгөөд явцгаасан даа. Эрхэм элчид байхдаа бүрэн хэмжээний 3 кино мөн бусад контентууд хийж, DVD гаргаж, тоглолтоо хийдэг байсан юм. Тухайн үед заавал өөр уран бүтээлд орох шаардлагагүй байсан.
Тэгээд чөлөөт уран бүтээлч болсноосоо хойш нэг зүйлийг харсан. Тэр нь кино жүжигчний ажлыг сүлжээ шиг гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр манай ангийн хүүхдүүд, дүү нар гээд л таньдаг хүмүүс маань кино хийхдээ өө Лхагвааг дуудчихъя, Лхагваа эгчийг дуудчихъя гээд л дууддаг. Би чинь уран бүтээлд оролцохдоо дүр дээрээ жаахан ч гэсэн ач холбогдол өгч, ажилладаг байхгүй юу. Тэгээд л нэг уран бүтээлд оролцохдоо шинэ хүмүүстэй уулзана, танилцана, жаахан таалагдвал дараагийнхаа уран бүтээлд нөгөө хэд маань урьдаг юм. Яг энэ зарчмаар ажиллахаар сүлжээнд орчихсон ч юм шиг байдаг шүү.
Бас нэг давуу тал бий. Тэр нь юу вэ гэхээр манай нөхөр намайг маш сайн дэмждэг. Зарим жүжигчдийн гэр бүл хоёрын хооронд дүрд ажиллаад яах вэ, хүүхэд харах хүнгүй юм чинь оролцоод яах вэ гээд уран бүтээлээ хойш нь тавьж явсаар байгаад өөрөө ч сүүлдээ урлагаа хаяад амьдралаа хөөх нь их байдаг. Гэтэл надад байсан нэг давуу тал нь хань маань бас ээж маань байсан.
Би төрчихөөд шууд л уран бүтээлдээ ордог. Ээж маань хүүхдүүдийг маань хараад л, намайг хөдөө зурганд явчихсан байхад хөхнийхөө завсар угжийг нь хийгээд л бүлээхэн сүү хүүхдүүдэд минь өгөөд л байж байдаг байсан. Тиймээс би азтай, буянтай яг л энэ ажил амьдралтай холбогдох ёстой байсан ч юм шиг. Хэдийгээр миний ээж одоо байхгүй ч гэсэн миний амьдралын замыг тухайн үед маш сайхан засаж өгсөн гэж би боддог юм.
Хань маань нэг шил архиар бооцоо тавьж намайг найрсан юм билээ
-Та цахим орчинд их нээлттэй. Тэр дундаа ханьтайгаа байгаа хөгжилтэй агшнуудаа ч их гаргада, сая ч бас ханийгаа яриад амжлаа. Магадгүй та хоёрын танилцсан түүхийг мэдэхгүй хүмүүс олон байгаа байх. Танилцсан түүхээ хуваалцаж болох уу?
-Танилцсан түүхээ ярихаар Баагий их ичээд байдаг юм. Гэхдээ юунаас нь ичих билээ дээ. Бодит түүх юм чинь.
Тэр үед би "Эрхэм элч"-ийн жүжигчин байсан юм. Баагий харин тухайн үед сургуулиа төгсөөд хэсэг ажилгүй байх хугацаандаа микрээр шугаманд явдаг байлаа. Нэг өдөр би бэлтгэлтэй байж байгаад шөнө 2, 3 цагийн үед тарлаа. Манайх Баруун 4 замд байдаг байсан юм. Тухайн үед микро их байдаг, 200 төгрөгөөр зорчдог. Таксинд суувал 2500 төгрөг. Өглөө, оройдоо байнга таксидаад байвал хэцүү шүү дээ. Тэгээд тэр шөнө нэг хоосон микронд суулаа. Тэгээд л хамгийн хойно сугаад утсаараа могой тоглож байсан чинь цонх нүдээд, гайхаад харсан чинь бултас хийгээд алга болчихдог юм байна. Юу юм бол гэж бодчихоод л сууж байсан чинь дахиад цонх тогшлоо. Тэгээд хартал нэг хар теньтэй микроны жолооч намайг наашаа орж ирээд суучих гэсэн юм. Тас хар хөмсөгтэй, их хөөрхөн нүдтэй, хөөрхөн хамартай залуу байна аа. Би ч тухайн үед ямар хөөрхөн юм бэ гэж бодсоноо үгүй ээ гээд хэлтэл, "Одоо явлаа эгч ээ. Хөдөллөө, наашаа суучих" гэсэн юм. Би ч дотроо "энэ микрог дүүрэхийг хүлээж байхаар хүнтэйд нь суучихъя" гэж бодоод суух гэтэл намайг урдаа суучих гээд суулгав. Би ч дотроо "өөрсдөө гуйж суулгасан юм чинь мөнгө төгрөг авахгүй байх даа" гэж бодоод сууж байсан чинь араас кондуктор нь цохисоноо "Эгч ээ та такси барьж байгаа юм шиг л явж байна даа. Мөнгө өө" гэхээр нь сандраад мөнгөө өгөх гэтэл манай Баагий "За яах гэсэн юм. 100 төгрөг л өгөхгүй юу" гээд, намайг бас 100 төгрөгөөр харж үзээд. Би ч гэсэн тэрэнд нь баярлаад л.
Тэгтэл анхнаасаа юу болсон бэ гэхээр тэнд зогсож байсан микроны жолооч нар хоорондоо ярьсан байгаа юм. Энэ хүүхэнтэй танилцъя гэж л дээ. Гэтэл нэг нь намайг "Замын цагдаагийн эхнэр, бид нарыг тоох юм уу" гэсэн чинь манай Баагий "Тэгвэл танилцсандаа 1 шил архи /Болор/ авч өгье" гэж. Баагий архи авах санаатай намайг эргүүлээд, би ч архины бооцоонд явчихсан юм билээ. Сүүлд 10-аад жилийн дараа энэ тухай мэдсэн дээ.
Найзууд нь ч гэсэн амны бэлэгтэй байсан юм шиг санагддаг. Учир нь намайг замын цагдаагийн эхнэр гэж хэлж байсан бол одоо манай нөхөр замын цагдаагийн офицер.
Өөрийгөө дахиж турахгүй гээд хувь тавилантайгаа эвлэрсэн байсан надад Анухай шоу маш том боломж бий гэдгийг харуулсан
-Anukhai's fitness show-г энд дурсахгүй өнгөрч болохгүй байх. Таны хувьд ёстой л шинэ алхам, томоохон өөрчлөлтийн эхлэлийг тавьж өгсөн байх. Энэ талаар эргээд санавал?
-Анухай шоунд орсон нь миний амьдралд маш том боломж байсан. Би түүнээс өмнө өөрийгөө турж чадахгүй, залуухан байхдаа л туранхай байна гэж бодоод, хувь тавилантайгаа эвлэрчихсэн байх үед түмэн олны нүдэн дээр 45-хан хоногийн хугацаанд 10 кг хассан. Гэхдээ одоо буцаад 5 кг нэмсэн л дээ.
Байнгын дасгал хөдөлгөөнтэй байх 75 кг, дасгал хийхгүй 75 кг жин огт өөр юм билээ. Одоо би 50 хувийн амжилтаа хадгалаад л байж байна. Би дахин хичээх юм бол надад боломж байгаа гэдгээ ойлгож авсан. Тун удахгүй хичээллэж эхэлнэ гэж бодож байгаа.
Яагаад гэвэл миний амьдралын хэмнэлд хараахан нийцэхгүй байгаа. Хөдөө, гадаа ажиллаж, зурганд их явдаг болохоор хоол унднаасаа эрч хүч авахгүй бол болохгүй. Гэхдээ миний зүрх сэтгэлийн мухарт дахин спортоор хичээллэнэ дээ гэдэг бодлыг Анухай багш маань надад ойлгуулж өгсөн. Харсан хүн бүр ямар гоё болчихсон юм бэ гээд байхаар өөрийн эрхгүй өнгө ороод ирдэг юм билээ. Тиймээс Анухай багшдаа маш их баярлаж явдаг.
-Жүжигчин Т.Лхагвадулам гэдэг хүний амьдралдаа хамгийн их талархаж явдаг зүйл юу вэ?
-Хүний амьдрал тэр дундаа эмэгтэй хүн бүр хүүхдээ төрүүлчихээд, тэвэрч байхдаа хамгийн их аз жаргалыг мэдэрч, хамгийн их талархдаг байх. Өвдөж байсан өвдөлтөө хүртэл мартаж, маш сайхан аз жаргалыг мэдэрдэг юм билээ. Би 4 хүүхдээ төрүүлэхдээ түүнийг мэдэрсэн. Бас хайртай хүнтэйгээ, сайхан үрстэйгээ хамт амьдарч байгаадаа ч үнэхээр их талархдаг.
Хүмүүсийн хайр хүндлэл, хараал ерөөлийг ч мөн амсаж явна. Дандаа л шулуун дардан амьдрахгүй шүү дээ. Хэрэв дандаа цагаан байгаад байвал тэр нь хар хэл амнаасаа илүү аюултай гэж ярьдаг. Тиймээс цаанаасаа л энэ хоёрыг тэнцүүлэх гээд хар хэл ам гарч ирж байгаа байх гэж талархаж хүлээж авч байгаа.
Бас нэг эмзэг ч гэх юм уу эсвэл нандин ч гэх юм уу, бодоход бас ярихад маань хүртэл гол гогддог нэг мэдрэмж байдаг. Тэр нь бидний энэ сайн сайхан явж байгааг ижий, аав хоёр минь харж чадаагүй.
Би доороо 4 дүүтэй, айлын том охин. Ээж, ааваасаа 5-лаа. Энийг ярих гэхээр сэтгэл эмзэглээд байдаг юм. Хэний ч эцэг эх үр хүүхдээ сайн сайхан явж байгааг харахыг хүсдэг. Үр хүүхдүүд нь ч гэсэн ээж, аавдаа сайн сайхан явж байгаагаа харуулахыг зорьдог. Харамсалтай нь бид хэд ийм сайхан явж байгаагаа харуулж амжаагүй, бараг л зовоож байсан гэж хэлэхэд болохоор байхгүй юу. Хамаг амьдралаа, залуу зандан насаа үр хүүхдүүддээ зориулж явсан.
Аав, ээжийнхээ нэрийг аль болох л өндөрт өргөж явахыг хичээдэг. Магадгүй алдаа оноо гаргадаг л байх. Гэхдээ би өөрийнхөө үзэл бодлыг хэн нэгнээр хориулж, хэн нэгний өмнө долгинож чаддаггүй. Намайг их шударга болгож хүмүүжүүлсэн. Тиймээс ээж, аавдаа маш их талархаж явдаг.
Ээжээрээ үглүүлж, ааваараа ганц нэг алгадуулж байгаа бол аз жаргал шүү дүү нар минь
-Үнэхээр хүний эцэг, эх гэдэг үр хүүхдийнхээ төлөө амьдардаг. Та ч гэсэн эх хүний хувьд үр хүүхдэдээ ч мөн тэгж хайрлаж байгаа байх?
-Тийм шүү. Хүн эцэг, эхээ үргэлж дурсаж явах ёстой юм гэсэн. Магадгүй хажууд нь байхгүй ч гэсэн үргэлж дурсаж байвал сүнс нь баярладаг юм гэнэ лээ. Тиймээс үүнээс өөр баярлуулж чадах зүйл одоо надад байхгүй.
Одоо хүүхдүүдээ ч гэсэн сайхан өсгөхийг хичээж байна. Хүүхдүүд маань үглэлээ, яншлаа гээд л эхэлж байгаа. Яг тэр үед нь та хэд энэ мэдрэмжийг мэдрэхээрээ гээд л бараг хараах гээд байгаа ч юм шиг. Тиймээс бас тэгж хэлж боломгүй. Угаасаа л ээж, аав гэдэг үр хүүхдүүдийнхээ төлөө л үглэж, дуулж яншдаг юм билээ.
Ээжээрээ үглүүлж байгаа, ааваараа ганц нэг алгадуулж байгаа бол аз жаргал шүү дүү нар минь гэж хэлмээр байна. Яг одоо аав, ээж нь амьд байгаа бол та маштом аз жаргалтай хүн шүү. Дандаа аз жаргалтай байгаарай, аз жаргалаа мэдрүүлж байгаарай.
-Ярилцсанд баярлалаа?
-Өнөөдөр сэтгэлийн нандин утсыг хөндөж, энэ ярилцлагадаа урьдсан Ubn.mn сайтын хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Видео ярилцлагыг өнөө орой Ubn.mn пэйж хуудсаас хүлээн авч үзээрэй