Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Метроны төсөл нь урьдчилсан ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум гаруй ам.долларын төсөвт өртөгтэй. Ирэх долоо хоногт ИТХ-д танилцуулж, дүнг батлуулна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 48 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар их багтаамжийн метро байгуулах болон нийтийн тээврийн шинэчлэлийн талаар танилцууллаа.

Сануулахад, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлд метро барих тогтоолыг баталсан юм.

Метроны төсөл нь урьдчилсан ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум гаруй ам.долларын төсөвт өртөгтэй болж буй бөгөөд санхүүжилтийг жилд дунджаар 200 сая ам.долларыг нийслэл өөрөө төсвийн орлогоороо бүрдүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийгээд байгаа аж.

Харин дээрх бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногийн ИТХ-д санхүүжилтээ танилцуулж, улмаар дүнг батлуулна гэдгийг Хотын дарга танилцуулгынхаа эхэнд онцлов.

Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлийн хувьд энгийн 8, хаб буюу газрын гадаргуу дор цаг агаарын нөхцлөөс үл хамаарах нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нэгтгэсэн цогц хэлбэр бүхий зогсоол 8 буюу нийт 16 зогсоолтой байхаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дараах тохиолдолд газар чөлөөлөлт хийх аж. Тухайлбал,

-Хоёр байршилд метроны эцсийн зогсоол, үүнд барьж байгуулах их багтаамжийн авто зогсоол

-“Улаанбаатар метро” компанийн оффисын барилга барихад чөлөөлөх юм.

Мөн төслийн барилга угсралтын нийт зардлын 40 орчим хувь нь буудал, өртөө, депо, хөдлөх бүрэлдэхүүн зэрэгт, 60 хувь нь дэд бүтэц, туннелийн ажилд зарцуулагдахаар тооцоолжээ.

Бүтээн байгуулалтын хүрээнд Амгалан орчмын 51 га газрыг чөлөөлөх шаардлагатай

Түүнчлэн депо байгуулах боломжтой гурван байршлыг судалж тогтоосон байна. Үүнд:

-Хөдлөх бүрэлдэхүүний вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчилгээний барилга байгууламжийн зориулалтаар 110.06 га газрыг НИТХ-ын 2022 оны 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршлын кординатыг баталсан

-“Олон улсын худалдааны логистикийн төв” ОНӨХХК нь нийслэлийн өмчит байгууллагад 103 га газар эзэмшиж байгаа бөгөөд хөдлөх бүрэлдэхүүний вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчилгээний барилга байгууламжийг байгуулах боломжтой. Энэхүү байршлыг сонговол нэмэлтээр 7 км зам тавих шаардлагатай болно.

-Амгалан орчимд “УБТЗ” ХНН болон бусад ААН-ийн эзэмшлийн 51 га орчим газарт вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчилгээний барилга байгууламжийн зориулалтаар газар чөлөөлөх шаардлагатай гэж үзжээ.

Автобус баазуудаас шинэ автобусны өртгийг нөхөн олговроос нь суутгаж авна

Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүд өмнө нь авсан автобусны төлбөрийнхөө эргэн төлөлтийг огт хийгээгүй. Тиймээс “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс ч тэр, шинээр баригдах баазуудаас ч тэр автобусныхаа төлбөрийг суутгаж авна. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зорчигчдын нөхөн олговор гэж нийслэлээс авдаг татааснаас нь суутгана гэсэн үг” гэлээ.

Улмаар “Нийтийн тээврийг хөгжүүлэх сан” байгуулж, орлогыг төвлөрүүлнэ. Ингэснээр жил бүр парк шинэчлэл хийх бөгөөд одоогийнх шиг нэг дор 500-600 автобус авах ачаалал үүсэхгүй гэдгийг онцлов.

Харин ААН-үүдээс санал авахад, төрийн өмчит компаниуд тарифаа нэмбэл суутгуулах боломжтой гэж үзжээ. Өнөөдрийн тооцооллоор нэг хүн автобусанд 1350 төгрөгөөр зорчсон тохиолдолд нийтийн тээвэр алдагдалгүй ажиллах аж.

Дэлхийн жишгийг дагаж, ХАР болон ЕРДИЙН гэх хоёр төрлийн такси үйлчилгээ нэвтрүүлнэ

Улаанбаатарт 80 мянган хүн такси үйлчилгээ үзүүлж байгаа гэх албан бус тоон мэдээлэл гарчээ. Хотын дарга Х.Нямбаатар “Дээрх үйлчилгээ үзүүлж буй иргэдийг нэгдсэн байдлаар цэгцэлж, шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Өмнө нь Улаанбаатар хотод “Сити такси” нэртэй шар таксинууд явдаг байсан. Суурь үнийг нь хүчээр барьснаас болж дампуурсан. Одоо Голомт банканд өртэй юм билээ. Хоёрдугаар сард шинэ үйлчилгээний шийдлээ танилцуулна” гэв.

Шинээр нэвтрэх такси үйлчилгээ нь хар ба ердийн гэсэн хоёр ангилалтай байх аж. Тухайлбал,

Хар таксигаар өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж, илүү их үнэтэй байлгах бол ердийн таксинд энгийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Үйлчилгээ үзүүлэх иргэдэд зөв талдаа хүрдтэй машинтай байх, өөрсдийгөө тодотгосон таних тэмдэг тогтоох шаардлагуудыг тавина гэдгийг Хотын дарга онцлов.

Автобусны жолооч нарыг чадвараар нь зэрэгжүүлж, нийгмийн хангамжид нь анхаарна

Шинээр автобус орж ирж байгаагийн хэрээр жолооч нарын соёл, чадварт онцгой анхаарна. Үгүй бол жолоочид хариуцлагагүй, гамгүй байдлаасаа болж осол гарган, шинэ автобусны шил, толийг хагалах тохиолдлууд гарч байна гэдгийг Хотын дарга яриандаа дурдав.

Тиймээс жолооч нарыг ур чадвараар нь үнэлэн зэрэг олгож, хариуцлагажуулна. Мөн орон сууц олгох болон бусад нийгмийн хангамжийг сайжруулахаар судалж буй ажээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд -8 хэмийн хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд -8 хэмийн хүйтэн байна
 
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.