Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулжээ. Уг шалгалтын дүнг өчигдөр танилцуулав.
Нийтийн байрны барилга байгууламжийн стандарт, эрүүл ахуйн халдвар хамгаалал, төлөв байдал, байгаль орчны хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, галын аюулгүй байдлын стандарт болон харьяа дүүрэгтээ бүртгүүлж, гэрээ байгуулсан эсэхийг шалгажээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, гарсан дүгнэлтэд үндэслэн нийслэлийн хэмжээнд нийтийн байрны үйлчилгээ эрхлэх шаардлага, стандарт болон зохицуулалтын талаар зөвлөмж гаргах аж.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 768 байр байдгаас 749 нь хувь хүнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгүүлжээ.
Хяналт шалгалтаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин сул, төрийн захиргааны байгууллагад бүртгэлгүй, төрийн зохицуулалт, хараа хяналтаас орхигдсон тул байр, үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага байхгүй, нэг хүний амьдрах орчны стандарт зөрчигдсөн, байгууламж шатах эрсдэлтэй болон орчны аюулгүй байдал алдагдсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Энэ хүрээнд нийт 8,046 зөрчил илрүүлж, 1,031 мэдэгдэл, 964 зөвлөмж, 124 шаардлагыг тус тус хүргүүлэн, 14 иргэнд торгуулийн арга хэмжээ авсан бол 306 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Юун түрүүнд нийтийн байрны тодорхойлолтыг тогтоох, нийтийн байранд амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх, стандарт боловсруулах, түрээслэгч, түрээслүүлэгч хоёр талд хариуцлага тооцдог системийг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг нарийн тусгах шаардлага бий болж байна.
Эдгээрийг боловсруулсны дараа Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд Нийслэл хотын дүрэмд “нийтийн байрны ашиглалт, зохицуулалт” гэсэн заалтыг тусган батлуулах боломжтой болох юм. Ингэснээр Нийслэл хотын иргэдийн амар тайван, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, аюулгүй, чанартай үйлчилгээ авах нөхцөл нэмэгдэх бөгөөд объектуудад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах, оргодол болон сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлэх ач холбогдолтой" гэв.
Шалгалтын бүрэлдэхүүнд 161 албан хаагч ажиллажээ.